Барак Обама: Би хариуцлага хүлээх ёстой учраас бид энэ асуудал дээр тааруу ажилласан
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама жилийн эцсийн хэвлэлийн бага хуралд оролцож, хэд хэдэн асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр "Өөрийнх нь хувьд 2013 он Ерөнхийлөгчийн албыг хашиж буй хугацаан дахь хамгийн тааруу жил болж өнгөрч байна гэсэн байр суурьтай огт санал нийлэхгүй байгаагаа" илэрхийлжээ. Сурвалжлагчдын асуусан "Энэ жил таны хамгийн том алдаа юу байсан бэ" гэсэн асуултад тэрбээр эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг танилцуулах үеийг нэрлээд "Би хариуцлага хүлээх ёстой учраас бид энэ асуудал дээр тааруу ажилласан" гэж хариулжээ.Түүнчлэн Барак Обама өрийн дээд хэмжээ бол зөвшилцөх хэрэгсэл биш гэдгийг сануулсан байна. Энэ жил АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн зогссоны зэрэгцээ эрүүл мэндийн даатгалын хуулийн вэбсайтад алдаа гарсан төдийгүй Үндэсний Аюулгүй Байдлын Агентлагийн мэдээлэл алдагдсан нь олон улсад ихээхэн шуугиан дэгдээсэн юм. Барак Обама Ерөнхийлөгчийн албыг таван жил хашиж байгаа бөгөөд олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар өмнөх дөрвөн жилтэй харьцуулахад энэ жил түүний нэр хүнд хамгийн ихээр буурсан дүн гараад байгаа юм.
Э.Анхбаяр
Холбоо барих: ankhbayar.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com