Банкны салбарын суурь систем "сайн байна" гэж дүгнэв
Энэ оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны 13 банкны цэвэр ашиг 192.9 тэрбум төгрөгт хүрч өссөн талаар холбогдох газраас мэдээлсэн. Түүнчлэн гуравдугаар улирлын эцэст банкууд оны эхнээс 132.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, арилжааны банкуудын актив хөрөнгө 19.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Банкуудын актив хөрөнгө 2012 онтой харьцуулахад өндөр хэмжээгээр өссөн нь банкны салбарын суурь систем сайн байгаагийн илрэл гэж Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Б.Найдалаа Блумбергт өгсөн ярилцлагадаа онцолсон. Үүнээс гадна тэрбээр “Банкны системийг аль нэг банк дампуурснаар хэмждэггүй. Ямар нэгэн банк санхүүгийн эрсдэлд орох, дампуурах зэрэг нь байх ёстой асуудал. Харин мөнгөний урсгалын орц, гарц ихсэх багасах болон ямар нэг хэлбэлзэлд үзүүлж буй хариу үйлдлийн илрэл нь нэг санхүүгийн байгууллагаас нөгөө рүү дамжихгүй байх, энэ нь санхүүгийн системд хямрал болохуйцаар нөлөөлөөгүй бол тус систем бэхжиж байна гэсэн үг” гэсэн юм. Түүнчлэн сүүлийн үеийн статистик мэдээллээс харахад, нийт эх үүсвэрт эзэлж буй хадгаламжийн хувийн хэмжээ банкуудад буурсан байгаа Монголын банкууд зөвхөн иргэдээсээ хадгаламж аваад зээлдэг үе аль хэдийнэ ард хоцорсны илрэл гэж Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал ярьсан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хөрөнгө татах чадвар нэмэгдэж байгаа учраас цаашдаа хадгаламжийн эзэмших хэмжээ буурах нь тодорхой ажээ. Үүнээс гадна энэ онд Монголбанкнаас Засгийн газартай хамтарч хэрэгжүүлсэн тусгай хөтөлбөрүүд үр дүнгээ өгч байгаа нь мөнгөний тэлэх оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүн гэж салбарын мэргэжилтнүүд дүгнэж байна.
Б.Цацралт
Холбоо барих: Tsatsralt.b@bloombergtvmongolia.com