"Байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг хязгаарлах ёсгүй"
“Эрчим хүчний өртөг өндөр байх ч энэ нь байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг хязгаарлах ёсгүй” гэж Олон улсын эрчим хүчний агентлаг мэдэгдлээ. Дэлхийн эрчим хүчний тайланд онцолсноор, нийт хэрэглээний дийлэнхийг хатуу түлш бүрдүүлсэн хэвээр байгаатай холбоотойгоор 2035 он гэхэд нүүрстөрөгчийн агаар дахь агууламж одоогийнхоос 20 хувиар нэмэгдэх тооцоотой байна. Ингэснээр урт хугацаандаа дэлхийн дундаж температур олон улсын зөвшөөрөгдсөн хэмжээнээс их буюу цельсийн 3.6 градусаар өсөхөд хүргэж магадгүй байгаа юм. Иймд сэргээгдэх эрчим хүчинд олгох татаасын хэмжээг 2035 он гэхэд олон улсын хэмжээнд 220 тэрбум ам.долларт хүргэх шаардлагатай гэж үзсэн байна. Дэлхийн улс орнуудын Засгийн газар 2012 онд сэргээгдэх эрчим хүчний татаасанд 101 тэрбум ам.долларыг олгож байсан бол 2012 онд хатуу түлшинд зориулсан татаасанд 544 тэрбум ам.долларыг зарцуулсан байна. Энэ нь эцсийн бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэх өртөг илүү хямд байдагтай холбоотой гэж Олон улсын эрчим хүчний агентлаг тайлбарлаж байна. Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээс шалтгаалсан хүндрэлүүдийг даван туулж, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлж чадахгүй тохиолдолд 2035 он гэхэд дэлхийн нийт эрчим хүчний нөөцийн 2/3 нь огт ашиглагдахгүй үлдэнэ гэж үзжээ. Эрчим хүчний төлвийн тайланд зааснаар дэлхийн эрчим хүчний гол эх үүсвэр нь хатуу түлш хэвээр байх юм. Тухайлбал, 25 жилийн өмнө дэлхийн нийтийн эрчим хүчний хэрэглээний 82 хувийг хатуу түлш бүрдүүлж байсан энэ хандлага өнөөдөр ч хэвээр хадгалагдаж байна. Харин 22 жилийн дараа буюу 2035 он гэхэд энэхүү үзүүлэлт 75 хувь болж бага зэрэг буурах тооцоотой байгаа бөгөөд 60 орчим хувийг нь хатуу түлш бүрдүүлнэ гэсэн тооцоо гарч байгаа ажээ. Шинэ эх үүсвэрийн тухайд 2035 он хүртэл шинээр баригдах эрчим хүчний эх үүсвэрүүдийн 40 хувийг нь хамгийн том эксортлогчоос хамгийн том хэрэглэгч болж өөрчлөгдөх БНХАУ, Энэтхэг улсууд барьж байгуулах юм. Харин үлдсэн 60 хувь нь хуучин байгууламжуудыг нөхөх байдлаар баригдах учир эрчим хүчний шинэ эх үүсвэр гэж тооцогдохгүй ажээ.
Б.Дуламхорлоо
Холбоо барих: dulamkhorloo.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com