Байгалийн аюул Филиппиний эдийн засагт жилд 1.6 тэрбум ам.долларын хохирол учруулж байна
Ням гарагт Филиппиний Ерөнхийлөгч Бенигно Акино “Хайян” хар салхинд хамгийн ихээр өртсөн газруудын нэг болох Таклобан хотод очиж, нөхцөл байдалтай танилцсан байна. Тэрбээр Самар мужийн Гуиуан хотод очих үедээ нүүлгэн шилжүүлэх ажлыг сайн зохион байгуулсан орон нутгийн удирдлагуудыг сайшаажээ. Гэхдээ Ерөнхийлөгч Бенигно Акино зарим хот суурин газрын удирдлагууд байгалийн аюулаас өмнө бэлтгэл ажлыг хангалттай хийгээгүй байсныг шүүмжилсэн байна. Хамгийн сүүлд ирсэн албан ёсны мэдээгээр “Хайян” хар салхины уршгаар Филиппинд 4460 хүн амь насаа алдсаны зэрэгцээ 1186 хүн сураггүй алга болоод байна. Үүнээс гадна 500 мянга орчим хүн орон гэргүй болжээ. “Air Worldwide” компанийн тооцоогоор “Хайян” хар салхины уршгаар орон сууц болон үйлдвэрлэл үйлчилгээ, хөдөө аж ахуйн барилга байгууламжуудад учирсан хохирол 14.5 тэрбум ам.долларт хүрч магадгүй байгаа ажээ. Харин даатгалтай хохирлын хэмжээ 300 сая орчим ам.доллар байх юм байна. Харин Азийн Хөгжлийн Банкнаас гаргасан тооцоогоор хар салхи, газар хөдлөлтөөс болж Филиппиний эдийн засагт жилд 1.6 тэрбум ам.долларын хохирол учирчээ. Өөрөөр хэлбэл хохирлын хэмжээ Зүүн өмнөд Азийн орнууд дундаас хамгийн өндөр хэмжээнд хүрээд байна.
Э.Анхбаяр
Холбоо барих: ankhbayar.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com