Арилжааны банкнуудын үйл ажиллагааны цэвэр ашиг өслөө
Энэ оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны 13 банкны үйл ажиллагааны цэвэр ашиг нь 192.9 тэрбум төгрөгт хүрч өслөө. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт болж байгаа юм. Арилжааны банкуудын актив хөрөнгө 19.4 их наяд төгрөг болж өмнөх сараас 841.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол энэ оны эхнээс 7.4 их наяд төгрөгөөр өссөн байна. Актив хөрөнгийн өсөлтийн 50-иас илүү хувийг аж ахуйн нэгж иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл бүрдүүлж байгаа ажээ. Тухайлбал 11 дүгээр сарын эцсийн байдлаар банкуудын олгосон нийт зээлийн хэмжээ 10.7 их наяд төгрөгт хүрснээс 71.6 хувь нь төгрөгийн зээл байгаа бол үлдсэн нь валютын зээл байна. Зээлийг чанараар нь авч үзвэл, нийт зээлийн 93.2 хувь нь хэвийн ангилалд багтаж байгаа юм. Чанаргүй зээлийн хэмжээ буурсан байна. Нийт зээлийн үлдэгдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор өсч 572 тэрбумд хүрсэн боловч нийт зээлд эзлэх хувь нь 5.2 болж өмнөх сараас буурчээ. Эдгээрийн эцэст банкуудын өөрийн хөрөнгө 1.2 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа нь оны эхнээс 267.1 тэрбум төгрөгөөр өссөн байгаа юм.
З.Энхболор
Холбоо барих: enkhbolor.z@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com