АНУ-ын шинээр ажилд орсон иргэдийн тоо өссөөр байна
Өнгөрсөн сард АНУ-ын шинээр ажилд орсон иргэдийн тоо 175 мянгад хүрсэн нь шинжээчдийн таамгийг давсан үзүүлэлт болжээ. Гэвч энэ нь Холбооны нөөцийн банкны бонд худалдан авах хөтөлбөрт өөрчлөлт оруулах шалтгаан болохгүй гэж ихэнх шинжээчид таамаглаж байна. Хэдийгээр ажилд орсон иргэдийн тоо өмнөх сарынхаас өссөн үзүүлэлттэй гарсан ч дөрөвдүгээр сард 7.5 хувьтай байсан ажилгүйдлийн түвшин 7.6 хувь болж нэмэгджээ. Нью-Йорк дахь “Morgan Stanley”-ийн ахлах эдийн засагч Винсент Райнхарт "Шинээр ажилд орсон иргэдийн тоо дөрвөн сарын турш дунджаар 200 мянга болон түүнээс дээш байсан тохиолдолд Холбооны Нөөцийн Банк худалдан авч буй бондын хэмжээг бууруулж магадгүй" гэж мэдэгдсэн юм. Харин Блумбергээс эдийн засагчдын дунд явуулсан судалгааны дүнгээр олонхи нь АНУ-ын Төв банк 9-10 эсвэл 12 дугаар сараас эхлэн сар бүр худалдан авах бондын хэмжээгээ 65 тэрбум ам.доллар болгож бууруулна гэж үзсэн байна. Холбооны нөөцийн банк хөдөлмөрийн зах зээлд тогтвортой бөгөөд дорвитой өсөлт гарах хүртэл эдийн засгийг сэргээх хөтөлбөрөө үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэний дараа хөрөнгө оруулагчдийн зүгээс ажлын байрны талаарх мэдээллийг анхааралтай ажиглах болсон. Тэр ч утгаараа бодлого тодорхойлогчдын зүгээс худалдан авч буй бондын хэмжээгээ хэзээ бууруулах талаар хэлэлцсэн нь санхүүгийн зах зээлийг доргиосон байна. Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт АНУ-ын засгийн газрын 10 жилийн бондын өгөөж 2.17 хувь буюу нэг жилийн дээд хэмжээндээ хүрч өссөн байгаа.
Э.Анхбаяр
Холбоо барих: Ankhbayar.e@bloombergtvmongolia.com
Munkhjin.ts@bloombergtvmongolia.com