АНУ-ын хууль тогтоогчид төсвийн асуудлаар тохиролцоонд хүрлээ
АНУ-ын хууль тогтоогчид төсвийн асуудлаар тохиролцоонд хүрлээ. Өнгөрсөн аравдугаар сард АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн зогссоны дараа байгуулагдсан төсвийн хороо ирэх хоёр жилийн төсвийн санхүүжилт дээр санал нэгдэж, төсвийн алдагдлыг 23 тэрбум ам.доллараар бууруулахаар тохиролцсон байна. Ингэснээр ирэх оны нэгдүгээр сарын 15-нд тус улсын Засгийн газрын үйл ажиллагаа дахин зогсохоос сэргийлж чадлаа. Мөн өнгөрсөн нэгдүгээр сараас батлан хамгаалах болон бусад салбаруудад хэрэгжүүлж эхэлсэн төсвийн таналтыг 63 тэрбум ам.доллараар нөхөхөөр болсон байна. Төсвийн төлөвлөгөөнд татварыг нэмэгдүүлэх заалт тусгагдаагүй ч төрийн албанд шинээр орсон иргэд нийгмийн даатгалд илүү өндөр хураамж төлөх шаардлагыг оруулжээ. Хоёр намын тохиролцооны талаар Бүгд найрамдах намын Паул Райн хэлэхдээ "Энэ нь төсвийн зарцуулалтыг илүү оновчтой байдлаар танах болно. Конгрессоор батлагдана гэдэгт найдаж байна" гэсэн байна. Төсвийн талаарх тохиролцоог энэ долоо хоногтоо багтаан Конгрессийн санал хураалтаар оруулах юм байна.
Э.Анхбаяр
Холбоо барих: ankhbayar.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com