АНУ-ын иргэдийн авсан нийт зээлийн хэмжээ 13.8 тэрбум ам.доллараар өсчээ
Өнгөрсөн зургадугаар сард АНУ-д хэрэглээний зээлийн хэмжээ өссөн дүнтэй гарлаа. Ялангуяа автомашины зээл, сургалтын төлбөрийн зээлийн хэмжээ сүүлийн дөрвөн сарын хамгийн дээд хэмжээндээ хүрч өссөн байна. АНУ-ын иргэдийн авсан нийт зээлийн хэмжээ тавдугаар сард 17.5 тэрбум ам.доллараар харин зургадугаар сард 13.8 тэрбум ам.доллараар өссөн гэж Холбооны Нөөцийн Банкнаас мэдээллээ. Энэ нь шинжээчдийн таамгаас ялимгүй бага үзүүлэлт болж байгаа аж. Харин орон сууцны үнэ болон хувьцааны ханш өссөлттэй байгаагийн зэрэгцээ зээлийн хүү түүхэн доод хэмжээндээ хүрч буурсанаас хэрэглэгчид автомашин зэрэг үнэтэй эд зүйлс авах нь нэмэгджээ. Түүнчлэн сургалтын төлбөрийн зээл болон зөөврийн орон сууц, автомашины зээлийн хэмжээ 16.5 тэрбум доллараар өссөн байна. Энэ төрлийн зээл өнгөрсөн тавдугаар сард 11.1 тэрбум ам.доллараар өсөөд байжээ. Мөн АНУ-ын Засгийн газраас оюутнуудад ихэвчлэн олгодог зээлийн хэмжээ 3.3 тэрбум ам.доллараар өссөн байна.Үүнээс гадна цалингийн татварыг нэмэгдүүлсэн нь айл өрхүүдийн орлогыг бууруулсан төдийгүй иргэд зээлийн карт ашиглах нь багассан байна. Тухайлбал зээлийн картаар хийсэн худалдан авалт зургадугаар сард 2.7 тэрбум ам.доллараар буурчээ. Гэхдээ өнгөрсөн тавдугаар сард энэхүү үзүүлэлт 6.4 тэрбум ам.доллараар нэмэгдсэн нь сүүлийн нэг жилийн хугацааны хамгийн өндөр өсөлт болсон байна. Ийнхүү хэрэглээний зээлийн хэмжээ өссөнөөс гадна зургадугаар сард АНУ-ын айл өрхүүдийн худалдан авалт 0.5 хувиар, орлогын хэмжээ 0.3 хувиар тус тус өссөн талаар тус улсын Худалдааны Яамнаас мэдээлжээ. Эдгээр нааштай үзүүлэлтүүд гарсантай зэрэгцэн “Блумберг” болон Мичиганы Их Сургуулиас гаргадаг хэрэглэгчийн итгэлийн индекс сүүлийн таваас зургаан жилийн хамгийн дээд хэмжээндээ хүрч өсөөд байна.
Э.Анхбаяр
Холбоо барих: ankhbayar.e@bloombergtvmongolia.mn
minjma.g@bloombergtvmongolia.mn