АНУ-ын инфляц IV сард 8.3 хувь боллоо
Дөрөвдүгээр сард АНУ-ын хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 0.3 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар өссөн байна.
Өнгөрсөн сард хэрэглээний үнийн өсөлт шинжээчдийн таамгийг давсан нь илүү урт хугацаанд инфляцын түвшин өндөр хэвээр байхыг харуулж байгаа аж. Үүний нөлөөгөөр Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ эрчимтэй нэмэгдүүлсэн хэвээр байх төлөвтэй байна.
Хүнс болон эрчим хүчний үнийн өсөлтийг тооцолгүйгээр харвал суурь хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 0.6 хувиар өсжээ. Энэ нь “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон эдийн засагчдын 0.4 хувиар өснө гэсэн таамаглалаас давсан үзүүлэлт болж байна.
Инфляцад нөлөөлсөн гол хүчин зүйлүүдэд түрээс, хүнс, агаарын тээвэр, шинэ автомашины үнийн өсөлт багтаж байгаа аж. Тухайлбал: хүнсний бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар өссөн нь1981 оноос хойших дээд үзүүлэлт болж байна.
Өнгөрсөн долоо хоногт Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ 2000 оноос хойших хамгийн огцом дүнгээр нэмсэн юм. Хэдий тийм боловч БНХАУ-ын хөл хорио болон бараа, үйлчилгээний эрэлт тогтвортой байгаа зэргээс шалтгаалан инфляцыг хоёр хувьд хүргэх зорилтод хүрэхэд нь хүндрэл учрахаар байна.
М.Аминаа
Холбоо барих: aminaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com