АНУ-ын инфляц 2021 онд 7 хувь хүрэв
АНУ-ын инфляц 2021 онд долоон хувьд хүрч, эрчимжсэн нь 1982 оноос хойших буюу сүүлийн 40 орчим жилийн хамгийн өндөр түвшин болж байна.
Бүлгээр нь авч үзвэл хоол хүнсний үнэ 12 дугаар сард өмнөх оны мөн үеэс зургаан хувиар өссөн бол шинэ болон хуучин автомашины үнэ 21 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл хэрэглээний үнийн индексийн өсөлтийн 22 хувийг дээрх бүлэг бүрдүүлж байгаа аж.
Эдийн засагчид 2022 онд АНУ-ын инфляц гурван хувьд хадгалагдах төлөвтэй гэж үзэж байгаа ч COVID-19-ийн “Omicron” хувилбарын тархалт өндөр байгаа нь хөдөлмөр эрхлэлт, нийлүүлэлтэд хүндхэн тусахаар байна.
“Wells Fargo & Co”-ийн шинжээч ирэх саруудад инфляц долоон хувьд хэвээр байхаар байна гэж тооцоолсон байна.
Тус улсын инфляц эрчимжиж байгаа нь АНУ-ын Холбооны Нөөцийн банк хариу арга хэмжээ авах, мөнгөний бодлогоо өсгөх дарамтыг улам нэмэгдүүлж байгаа аж.
"Инфляц ужгирахаас сэргийлэхэд боломжит арга хэрэгслүүдээ ашиглана" гэж Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл мэдэгдээд байна.
М.Эрхэс | @ErkhesMunkhbat
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com