АНУ-ын Засгийн газар “Volkswagen”-ийг шүүхэд өглөө
АНУ-ын Засгийн газар “Volkswagen” компанийг хууль зөрчин "утааны хяналтыг хуурах" тусгай төхөөрөмж суурилуулсан хэргээр шүүхэд өглөө. Шүүх энэхүү хэрэгтэй холбоотойгоор тус компанид олон тэрбум ам.долларын торгууль ногдуулах төлөвтэй байна. Цаашид эдгээр автомашиныг хэрхэн засварлахаас шалтгаалж компанийн зардал өсөхөөр байгаа юм. Түүнчлэн АНУ-ын Засгийн газар автомашиныг эзэмшигчдээс нь эргүүлэн худалдан авах хүртэл арга хэмжээ авахыг шаарджээ. АНУ-д нийт 600 мянган автомашин дээрх хэрэгт хамрагдаж байгаа бол Европт 8.5 сая автомашин засварлах шаардлагатай байгаа аж. Хэдий тийм боловч Европын хууль хяналтынхан бүс нутгийн хамгийн том компанидаа бага зардлаар асуудлыг шийдвэрлэх боломжийг олгох хүлээлттэй байна. Өнгөрсөн онд “Volkswagen” компани утааны шалгалтыг хуурахын тулд дизель хөдөлгүүрүүддээ тусгай төхөөрөмж суурилуулдаг байсан нь илэрсэн юм.
Д.Хаш-Эрдэнэ
Холбоо барих: khasherdene.d@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com