АНУ, ХБНГУ, БНЭУ, Тайвань, Австралид “Zoom App”-ийн хэрэглээг хориглоод байна
Дэлхий нийт “COVID-19” цар тахалтай тэмцэж байгаа энэ үед шинэ төрлийн “коронавирус”-ийн тархалттай холбоотой худал мэдээлэл тараах, өвчний талаар мэдээллээр гарчигласан цахим халдлагууд нэмэгдэх хандлагатай байна.
Тухайлбал: Малайзад л гэхэд цахим халдлагын тоо өнгөрсөн оны мөн үеэс 82.5 хувиар өсжээ. Малайзын Кибер аюулгүй байдлын газрын мэдээлснээр тус улсад гуравдугаар сарын 18-наас дөрөвдүгээр сарын долооны хооронд 838 цахим халдлага үйлдэгдсэн байна. Үүнээс 18 хувь нь компани, аж ахуйн нэгжүүд рүү чиглэсэн бол үлдсэн хувь нь интернэт ашиглаж гэрээсээ ажлаа амжуулж буй хүмүүс болон бусад хувийн хэрэглэгчид рүү чиглэжээ.
Мөн АНУ-д хөл хорио тогтоосноос хойш цахим халдлагад өртсөн гэх дуудлага найм дахин нэмэгдсэн гэж тус улсын кибер терроризмын шинжээчид мэдээллээ. Цар тахал цахим халдлага үйлдэгчдийн хувьд ашиг олох томоохон боломжийг нээж өгсөн гэж ажиглагчид үзэж байна. Халдварт өвчин анх БНХАУ-д бүртгэгдсэнтэй холбоотой "Wuhan Coronavirus" гэх үгийг урхи болгон ашигласан төрөл бүрийн халдлага эрчимтэй нэмэгдэж байгааг "Kaspersky" компани онцолж байна.
Түүнчлэн “Google” өдөр бүр шинэ төрлийн “коронавирус”-тэй холбоотой 18 сая хуурамч и-мэйлийг устгаж байгаа талаар мэдээллээ. Дэлхийн хүн амын бараг тал нь шахуу хөл хорио, хорио цээрийн дэглэмд байгаа энэ үед хэрэглэгчид “Skype”, “Microsoft Teams”, “Google Hangouts”, “Zoom” зэрэг платформуудыг түлхүү хэрэглэж байгаа аж.
Эдгээрээс дөрвөн сар хүрэхгүй хугацаанд хэрэглэгчдийн тоогоо 20 дахин нэмэгдүүлсэн “Zoom App” ихээхэн шүүмжлэлд өртөж байна. Тухайлбал: видео хурал, конференцийн “Zoom App”-ийн 500 мянга гаруй хаяг ямар нэг байдлаар халдлагад өртөөд байгаа аж.
Улмаар томоохон байгууллагуудын чухал мэдээллийг татаж авах холбоосыг хайлтын системд үл илрэх “Dark Web”-д байршуулан худалдсан тохиолдол гарчээ. Тиймээс “Google”, “SpaceX”, “Smart Communications” зэрэг компаниуд тус аппликейшний хэрэглээг хориглосон бол Тайвань, Герман, Энэтхэг, АНУ-ын Сенат, Австралийн Батлан хамгаалах яам видео хурал хийхдээ “Zoom”-оос өөр платформ ашиглахыг зөвлөөд байна.
Б.Ариунболд | @Ariunbold_Bat
Холбоо барих: ariunbold.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com