АНУ-д "COVID-19"-ийн улмаас нас баралтын тохиолдол 60 мянга хүрэх төлөвтэй
АНУ-ын Нью-Йорк мужид нас баралт 24 цагийн хугацаанд эрс нэмэгдлээ. Энэ нь цар тахал эхэлснээс хойших хамгийн өндөр тоо болсон ч эмнэлэгт хэвтэгсдийн тоо хамгийн цөөн бүртгэгдсэн байна.
АНУ-ын Халдварт өвчин судлалын институтийн захирал Энтони Фаучи АНУ-д нас баралт 100-200 мянгад хүрэх магадлалтай гэж тооцоолж байсан бол үүнийгээ 60 мянга болгож бууруулсан байна. Тэрбээр Нью-Йорк мужид нөхцөл байдал тогтворжиж байгааг тодотгожээ.
Испани болон Италид үндэсний хэмжээнд зарласан хөл хориог сунгахаар төлөвлөж байгаа аж. Харин ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель шинэ төрлийн “коронавирус”-ийн тархалтын эрч буурч байгаа тул хязгаарлалтын арга хэмжээгээ чангатгахгүй байж магадгүй байна. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон эрчимт эмчилгээнээс энгийн тасаг руу шилжжээ.
Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдвар авсан 1.6 сая, нас барсан 95.7 мянган тохиолдол бүртгэгдээд байна. Харин эдгэрсэн хүний тоо 356.9 мянга болжээ.
Үүнээс гадна “Pfizer”, “BioNTech” компани хамтарч "COVID-19"-ийн вакцин гаргаж авахаар болсон байна. Энэ оны эцэс гэхэд олон сая вакцин нийлүүлж эхэлнэ гэж тооцоолжээ.
Түүнчлэн АНУ-ын Вашингтон мужид “COVID-19”-ийн халдвар бүртгэгдсэн шоронд хоригдлууд эсэргүүцлийн жагсаал хийлээ. 2.5 мянган хүн хоригдож байгаа энэ шоронд хоёр хоригдол, таван ажилтан нийт долоон хүн шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авчээ.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com