АНУ, БНХАУ-ын яриа хэлэлцээ санал зөрөлдөөн их байгааг харуулав
Жо Байден үүрэгт ажилдаа орсноос хойших АНУ, БНХАУ-ын анхны өндөр түвшний уулзалтаар талууд хүний эрх, худалдаа тэргүүтэй асуудлуудаар харилцан шүүмжилсэн мэдэгдэл хийсэн нь хамгийн том эдийн засагтай хоёр улсын хооронд санал зөрөлдөөн их байгааг харууллаа.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен цахим халдлага, Шинжаан дахь муслим иргэдийн эрх, БНХАУ-ын Засгийн газар Хонгконгт хяналтаа нэмэгдүүлж байгаа зэрэг асуудалд улам бүр анхаарахаа мэдэгдсэн байна.
Харин БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечи өөрийн илтгэлдээ барууны орнууд дэлхийн нийт улс орнуудын үзэл санааг төлөөлөхгүй гээд АНУ-ыг “Цахим халдлагын аварга нь” хэмээн цоллолоо.
Мөн хар арьстай иргэдийн эрхийг хамгаалах “Black Lives Matter” хөдөлгөөнийг дурдан, АНУ-ын олон иргэн америк загварын ардчилалд итгэлгүй байгаа хэмээжээ.
Үүний зэрэгцээ АНУ, ОХУ-ын харилцаа хурцдаж байна. ОХУ-аас Европыг чиглэсэн байгалийн хий хоолойн “Nord Stream 2” төсөлд Жо Байден нэмэлт хоригууд тавих гэж буйг эх сурвалж мэдээллээ. АНУ-ын хууль тогтоох байгууллага дахь хоёр намын төлөөллүүд бүгд дээрх саналыг дэмжиж байгаа аж.
Жо Байден “ABC” телевизийн ярилцлагадаа ОХУ-ын Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “алуурчин” гээд АНУ-ын сонгуулийн дүнд нөлөөлснийхөө хариуг төлнө хэмээн хэлсэн байна.
Харин үүний хариуд Владимир Путин “Россия-24” сувагт өгсөн ярилцлагадаа Жо Байдентай яаралтай, шууд ярилцах сонирхолтой буйгаа илэрхийлжээ.
Ж.Зоригт | @TeraReader
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com