АНУ: БНХАУ-ын агаарын тээврийн компаниудын АНУ руу хийх нислэгүүдийг түр хориглоно
БНХАУ-ын агаарын тээврийн компаниудын АНУ руу хийх нислэгийг түр хориглож байгаагаа Дональд Трампын засаг захиргаа зарлалаа.
Учир нь үүнээс өмнө АНУ-ын агаарын тээврийн компаниуд БНХАУ-ын чиглэлийн нислэгүүдээ сэргээхийг Бээжингийн эрх баригчид зөвшөөрөөгүй тул хариу арга хэмжээ авч байгаа юм байна. Ийнхүү хоёр их гүрний хооронд худалдааны маргаан өндрөө авч байгаа үед ийм шийдвэр гаргасан нь анхаарал татаж байгаа юм. АНУ-ын Тээврийн яамны мэдээлснээр “Air China”, “China Eastern Airlines” зэрэг компаниудын зорчигч тээврийн нислэгийг хориглох тухай тушаал зургаадугаар сарын 16-наас хүчин төгөлдөр хэрэгжих ажээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүсвэл энэ хугацааг наашлуулж болох юм байна. Дээрх компаниуд нь цар тахлын хугацаанд хоёр улсын хооронд өмнөхийг бодвол цөөн удаагийн нислэг үйлдсээр байсан юм.
Худалдааны асуудал төдийгүй шинэ төрлийн “коронавирус” цар тахал, Хонгконгийн асуудлаар АНУ, БНХАУ-ын тал маргаантай байгаа юм. Сүүлд БНХАУ-ын тал зарим хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортоо зогсоосон бол үүнээс өмнө Дональд Трамп Хонгконгийн тусгай статусыг цуцална хэмээн анхааруулжээ.
Э.Анхбаяр
Холбоо барих: ankhbayar.e @bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com