Антонио Гутерреш: Уур амьсгалын өөрчлөлт дэлхийг сөнөөхгүй ч хүн төрөлхтнийг устгана
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш "Уур амьсгалын өөрчлөлт манай гарагийг сүйрүүлэхгүй ч хүн төрөлхтнийг устгана" гэж хэлсэн нь Давосын гурав дахь өдрийн хамгийн анхаарал татсан мэдэгдэл байлаа.
Тиймээс нүүрстөрөгч ялгаруулагчдад орлогын татвар ногдуулж, хий ялгаруулагчдад татаас олгохоо зогсоох ёстойг сануулж байв. Үүний зэрэгцээ технологийн хөгжил дэлхийн хүн амын хагасаас илүүг ядуурал руу түлхэх аюултайг ч сануулах хүн байв.
“Sapiens”, “Home Deus”-ийн зохиолч Юваль Харари "Хиймэл оюун ухааны зэвсэглэлийн өрсөлдөөн аль хэдийн эхэлсэн. Өрсөлдөөнд БНХАУ, АНУ тэргүүлж бусад улс хол хоцорсон. Хиймэл оюун ухаан нь технологийн өлгий болсон цөөн хэдэн бүсэд асар их баялаг төвлөрүүлж, бусад орнуудын дампуурах эсвэл дата колони болоход хүргэнэ" гэж байсан юм. Тиймээс хиймэл оюун ухааны технологийн өгөөжийн тэгш хүртээх нэгдсэн алхам хэрэгтэйг санууллаа.
Эдийн засгийн хямрал нь улсыг хэрхэн сөхрүүлсэн гашуун туршлагыг Венесуэлийн удирдагч Жуан Гуайдо хэлж байлаа. Бөмбөг дэлбэрэх чимээ, дайн байхгүй ч Венесуэлийг орхисон иргэдийн тоо Сирийн дайнаас дүрвэгсдийг ч давжээ. Мөн Ираны Генерал Касем Сулейманиг хөнөөсөн нь хамгийн өндөр геополитикийн эрсдэлтэй бүс болох Ойрх Дорнодын тогтворгүй байдлыг намжаахад хангалтгүй гэж НҮБ-ын төлөөлөл хэлж байсан юм. Дайн төгссөн ч Иракийн нийгмийн нөхцөл байдал маш эмзэг болсон байна. Мөн ижил үзэгдэл давтагдах аюултайг сануулж байлаа.
Б.Дашням | @Dashnyam_tsahir
Холбоо барих: dashnyam.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com