Амины орон сууц барьсан тохиолдолд борлуулалтыг нь дэмжинэ
Монгол Улсын Засгийн газраас амины орон сууцыг дэмжих чиглэлээр тодорхой журам гаргахаар судалж байна. Улаанбаатар хотод жилд шинээр 1700 айл өрх бүртгэгддэг гэсэн тооцоо байгаа юм. Тиймээс орон сууцны барилгуудаас гадна амины орон сууц барьсан тохиолдолд борлуулалтыг нь дэмжих боломжтой гэж Барилга, хот байгуулалтын яам үзэж байгаа ажээ. Ингэхдээ дулаан болон цэвэр, бохир усны шугамд холбогдсон орон сууцны төслүүдийг жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрт хамруулах юм байна. Энэ тухай журам тун удахгүй Засгийн газраас батлагдана гэж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан мэдээллээ. Харин төрөөс амины орон сууцнуудад шаардлагатай дэд бүтцийг шийдвэрлэж өгөх боломжтой гэж үзжээ. Түүнчлэн аймгийн төвүүдэд 2000 хүртэлх амины орон сууцны инженерийн дэд бүтцийг шийдэж өгнө гэж мөн мэдэгдлээ. Одоогоор гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд “Шинэ хороолол” төсөл хэрэгжиж байгаа юм. Энэхүү төсөлд 100-200 айл өрх нэг бүлэг үүсгэн оролцож байгаа ажээ.
З.Энхболор
Холбоо барих: enkhbolor.z@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com