Амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 16 хүн амь үрэгдлээ
Ням гарагт ОХУ-ын өмнөд хэсэгт орших Волгоград хотын галт тэрэгний буудал дээр амиа золиослогч бөмбөг дэлбэлсний уршгаар 16 хүн амь үрэгдэж, 40 орчим хүн шархадсан талаар тус улсын мөрдөн шалгах хороо мэдээллээ. Орон нутгийн цагаар 12 цаг 45 минутын үед болсон энэхүү хадлагыг эмэгтэй хүн ганцаараа үйлдсэн гэж мөрдөн шалгах хорооны төлөөлөгч Владимир Маркин мэдэгдээд байна. Харин “Риа Новости” агентлаг Оксана Асланова гэгч Дагестан эмэгтэй халдлага үйлдсэн гэж тодруулжээ. Гэхдээ бөмбөг дэлбэлсэн этгээдийн талаарх мэдээлэл эцсийн байдлаар тодорхой болоогүй байна. Галт тэрэгний буудалд дэлбэрэлт болох үеийн дүрс бичлэг ойролцоох хяналтын камерт бичигджээ. Дэлбэрэлтийн үеийн доргилтоос болж барилгын цонхнууд хагарч, буудал дотор утаа дэгдсэн байна. Халдлагын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын бүх нисэх буудал болон галт тэрэгний буудлууд дээрх харуул хамгаалалтыг чангатгахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ. Учир нь зургаан долоо хоног орчмын дараа Сочид эхлэх өвлийн Олимпийн наадмаас өмнө зэвсэгт бүлэглэлүүд үймээн дэгдээхээр оролдож байж болзошгүй гэж ОХУ-ын эрх баригчид болгоомжилж байна. Өнгөрсөн долдугаар сард Чеченийн зэвсэгт бүлэглэлийн удирдагч, ОХУ-ын Бин Ладен гэгддэг Доку Умаров Сочигийн өвлийн Олимпийг тасалдуулахын тулд бүх хүчээ дайчлахыг зэвсэгт бүлэглэлийнхэнд уриалсан мэдэгдлээ интернэтэд тавьж байсан юм. “Риа Новости” агентлагийн мэдээлснээр ОХУ-ын Засгийн газар өвлийн Олимпийг угтсан харуул хамгаалалтыг нэгдүгээр сарын 7-ноос эхлэн чангатгахаар төлөвлөжээ. Ерөнхийлөгч В.Путины гаргасан шийдвэрийн дагуу Волгоградын галт тэрэгний буудал дээр болсон халдлагын үеэр хүнд шархадсан хүмүүсийг Москвад хүргэж, эмчилгээ хийх юм байна. Одоогоор аль нэг бүлэглэл дээрх халдлагын хариуцлагыг хүлээгээгүй байгаа юм. Гэхдээ Мөрдөн шалгах хорооны төлөөлөгч Владимир Маркин энэхүү үйлдлийг террорист халдлага гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Түүний хэлснээр төмөр замын буудал дээр харуул хамгаалалтынхан ажиллаж байсан учраас амиа золиослогч илүү олон хүний аминд хүрэхээс сэргийлж чаджээ.
Э.Анхбаяр
Холбоо барих: ankhbayar.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com