Азийн орнуудын бодлого тодорхойлогчид эдийн засгийн төлвөө өөдрөгөөр харж байна
Ази Номхон далайн орнуудыг бараан үүл нөмрөөд байна гэж шинжээчид дүгнэж байсан ч Төв банкууд эсрэг байр суурьтай байна. Учир нь сүүлийн өдрүүдэд бодлогын зөвлөлийн хурлаа хийсэн Японоос эхлээд Австралийн Төв банкууд бодлогын хүүгээ хэвээр нь үлдээхээр шийдвэрлэсэн юм. Тухайлбал, долдугаар сард хэрэглээний үнийн индекс нь таван жилийн хамгийн өндөр өсөлтөө үзүүлсэн Японы Төв банк санхүүгийн нөхцөл байдлаа эергээр үнэлж, эдийн засгийг сэргээх багцаа нэмэлгүй, хэвээр нь үлдээхээр болоод байна. Үүнээс гадна тус улсын ерөнхий сайд Шинзо Абэгийн зүгээс ямар нэгэн нэмэлт арга хэмжээ авалгүйгээр татварыг найман хувьд хүргэж нэмсэн ч иргэдэд ямар нэгэн сөрөг нөлөө гарахгүй гэж үзжээ. Харин Азид уналтаараа тэргүүлж байсан Энэтхэгийн Төв банкнаас сөрөг арга хэмжээ авч эхэлснээр тус улсын зах зээл өсөлтөөрөө толгой цохиж эхлээд байна. Энэ ч утгаараа Энэтхэгийн Төв банкны шинэ тэргүүн Рагурам Ражан албаа авснаас хойшхи анхныхаа хурлаараа арилжааны банкууд дахь гадаад валютын хадгаламжийн своп хэлцлүүдэд хүүгийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон тухайгаа мэдэгдээд байгаа юм. Ингэснээр Энэтхэгийн нөөцийн банкны гадаад валютын нөөц 10 тэрбум ам.доллараар нэмэгдэх боломжтой болох гэж “Bank of America”-ийн зүгээс тооцоолжээ. Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн парламентын доод танхимаас үндэсний тэтгэврийн сангуудынхаа 26 хүртэлх хувийг гадаадын хөрөнгө оруулагчдад эзэмшүүлэхийг зөвшөөрсөн хуулийг батлаад байна. Ийнхүү Энэтхэгийн удирдлагууд эдийн засгаа өсгөх чухал шийдвэрүүдийн гаргаснаар оны эхнээс 16 хувиар сулраад байсан рупигийн ханш хоёр хувиар эргэн сэргэжээ.
Б.Дуламхорлоо
Холбоо барих: Dulamkhorloo.b@bloombergtvmongolia.com
Munkhjin.ts@bloombergtvmongolia.com