Азийн зарим улсын валютын ханш суларч, ГВАН нь буурав
Азийн бүсийн орнуудын валютын ханшийн уналт эрчимжсэнээр улс орнууд гадаад валютын нөөцөөсөө ашиглаж эхлээд байна. Тухайлбал: Тайландын гадаад валютын нөөц зургаадугаар сард 221.4 тэрбум ам.доллар болсон нь сүүлийн хоёр жилийн хугацааны доод түвшин боллоо.
Индонез улсын гадаад валютын нөөц 2020 оны 11 дүгээр сараас хойших доод түвшинд, БНСУ, БНЭУ-ын гадаад валютын нөөц сүүлийн нэг жил гаруйн хугацааны доод түвшинд хүрээд байна.
Малайзын гадаад валютын нөөц 2015 оноос хойших доод түвшинд хүрээд байгаа буюу хамгийн их уналттай байна.
Харин төгрөгийн ханш сүүлийн дөрвөн сар орчмын хугацаанд ам.долларын эсрэг тасралтгүй суларсаар байна. Гадаад валютын албан нөөц 2022 оны тавдугаар сарын байдлаар 3.1 тэрбум ам.доллар болоод байгаа аж. Өнгөрсөн оны мөн үед 4.8 тэрбум ам.долларын нөөцтэй байсантай харьцуулбал 36 хувиар буурчээ.
Зарим улс валютын ханшийн уналтыг тогтворжуулах зорилгоор гадаад валютын нөөцийнхөө ихэнхийг ашигласан гэж “Gama Asset Management”-ийн шинжээч онцолж байна. Мөн ханшийн уналтыг зогсоох боломжгүй ч ханшийн үргэлжилсэн уналтыг сааруулах боломжтой гэдгийг тодотголоо.
1997 оны их хямралаас хойш Азийн орнууд валютын ханшийн уналтаас сэргийлэхийн тулд гадаад валютын нөөцөө нэмэгдүүлж ирсэн байна. Хэдий тийм боловч ханшийн уналт үргэлжилсээр буй энэ үед Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ үргэлжлүүлэн нэмэгдүүлсээр байвал цаашид уналт эрчимжих төлөвтэй байна.
Г.Хулан | @KhulanGanzorig
Холбоо барих: khulan.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com