"Абэномикс" хэр зэрэг бодит үр дүн өгч байгааг нотоллоо
Японы үйлдвэрлэлийн салбарын чухал үзүүлэлтүүдийн нэг болох машин, тоног төхөөрөмжийн захиалгын нэгдсэн дүн гарлаа. Тус улсын Засгийн газраас мэдээлснээр, өнгөрсөн зургадугаар сард голлох машин, тоног төхөөрөмжийн захиалгын хэмжээ өмнөх сараас 2.7 хувиар буурсан байна. Энэ нь Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн хэрэгжүүлж байгаа бодлого үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд компаниудад түлхэц болж амжаагүй байгааг илтгэж байна гэж шинжээчид дүгнэлээ. Эдийн засагчдын зүгээс машин, тоног төхөөрөмжийн захиалгын хэмжээ 7.2 хувиар буурна гэсэн таамгийг дэвшүүлээд байжээ. Түүнчлэн тус улсын хоёрдугаар улирлын эдийн засгийн өсөлт хүлээлтэд хүрээгүйгээс худалдааны татварыг төлөвлөсний дагуу нэмэгдүүлэх хэрэгтэй эсэх дээр маргаан үүсээд байгаа аж. Японы Эдийн засгийн хөгжлийн сайд Акира Амари хэлэхдээ "Энэ бол Ерөнхий сайд Шинзо Абэгийн Засгийн газрын хэрэгжүүлж байгаа эдийн засгийн арга хэмжээ хэр зэрэг бодитой үр дүнгээ өгч байгааг нотолсон үзүүлэлт гэж үзэж байна. Энэ нь ирэх жил худалдааны татварыг нэмэгдүүлэхэд боломжийн үзүүлэлт. 2.6 хувийн өсөлт гэдэг бол бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр өсөлт" гэж онцолжээ. Мөн тэрбээр “Засгийн газраас бизнесийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлнэ” гэсэн байна. Японд бизнесийн хөрөнгө оруулалт буурч байгаа нь нэг талаас компаниудад эдийн засгийн төлвийн талаар сөрөг хүлээлт давамгайлж байгааг харуулж байна. Тус улсын эдийн засгийн өсөлт буурсан нь худалдааны татварыг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаа улстөрчдийн хувьд том шалтаг болж байгаа аж. Тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн хамгийн ойрын зөвлөхүүдийн нэг "Абэномикс"-ийг боловсруулсан гол хүн гэлцдэг Коичи Хамада "Хоёрдугаар улирлын эдийн засгийн өсөлт дөрвөөс дээш хувьтай гарахгүй бол худалдааны татварыг нэмэгдүүлэх ёсгүй" гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Хэдий тийм боловч Японы Засгийн газар худалдааны татварыг нэмэгдүүлнэ гэсэн хүлээлт зах зээлд хэвээр байна. Учир нь энэ нь Японы эрх баригчдын олон улсад амласан амлалт гэж шинжээчид үзэж байгаа юм.
Э.Анхбаяр
Холбоо барих: ankhbayar.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com