X/8-нд газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг улсын комисс хүлээж авна
Монгол Улсын Засгийн газар, Энэтхэг улсын “Эксим” банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийг мягмар гарагт УИХ-аар зөвшилцөх гэж байна.
Энэхүү төслийг Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцүүлэх хуваарьтай байгаа юм. Өнгөрсөн сард Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгох болсноо Энэтхэгийн Ерөнхий сайд илэрхийлсэн юм. Ингэснээр нэг тэрбум 260 сая ам.доллароор газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 2023 он гэхэд дуусах хүлээлттэй байна.
Энэхүү газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор 600-700 орчим ажлын байр бий болж, ам.долларын гадагшаа урсгал жилд 20-30 хувиар буурна гэж тооцоолж байгаа аж. Газрын тос боловсруулах үйлдвэр олон төрлийн дулаан химийн урвал явах байгууламж, өндөр даралт болон температурт тэсвэртэй тоног төхөөрөмж зэргээс бүрдэнэ.
Аюулгүй байдлыг хангах үүднээс газрын тос боловсруулах үйлдвэр барих 150 га газрыг 255 га-гаар өргөтгөж, 405 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан юм. Энэ долоо хоногт Сайншанд хотоос үйлдвэр хүртэлх 27 км төмөр зам, 18.8 км автозам болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг улсын комисс хүлээн авах хуваарьтай байгаа бөгөөд энэ үеэр буюу мягмар гарагт БНЭУ-ын Газрын тосны сайд Монгол Улсад айлчлах товтой байна.
Б.Дашням | @Dashnyam_tsahir
Холбоо барих: dashnyam.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com