“Vale" компани хамгийн бага өртгөөр олборлолт хийж эхэллээ
Төмрийн хүдрийн нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч “Vale" компани салбартаа хамгийн бага өртгөөр олборлолт хийж эхэлсэн байна. Газрын тосны ханш унасан нь тээвэрлэлтийн зардлаа танах боломжийг бүрдүүлсэн гэж “Sanford C.Bernstein"-ийн шинжээчид тооцоолжээ. Төмрийн хүдрийн салбарт “Vale"-ийн араас “Rio Tinto" болон “BHP Billiton" бичигдэж байгаа юм. Дээрх гурван компани дэлхийн төмрийн хүдрийн эрэлтийн 60 хувийг дангаараа хангадаг. Австралийн компаниудын хувьд газар зүйн байршлын давуу талаа ашиглан БНХАУ-д хямд өртөгтэй бүтээгдэхүүн нийлүүлдэг аж. Өнгөрсөн онд газрын тосны үнэ бараг 50 хувь, мөн төмрийн хүдрийн ханш 47 хувиар унасан бөгөөд энэ нь томоохон олборлогчдод зардлаа танаж олборлолтоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж эхэлсэн байна. Одоогоор “Vale" компани нэг тонн төмрийн хүдэр БНХАУ-д нийлүүлэхэд зургаан ам.долларын зардал гаргаж байгаа бол Австралийн компаниуд есөн ам.доллар зарцуулж байгаа ажээ. Харин “Rio Tinto" групп Энэтхэгийн төмрийн хүдрийн салбарт хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх боломжтой гэж үзэж байна. Мөн тус улсын очир эрдэнийн ордод 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Үүнээс гадна 1-2 жилийн дараа Энэтхэгт уран нийлүүлэх боломжтой гэж “Rio Tinto"-ийн Гүйцэтгэх захирал Сэм Уолш мэдээлжээ.
Д.Хаш-Эрдэнэ
Холбоо барих: khasherdene.d@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com