“Twitter"-ийн алдагдал дөрөв дахин буурчээ
Олон нийтийн сүлжээний “Twitter" компанийн хэрэглэгчдийн өсөлт IV улиралд саарсан ч орлого нь шинжээчдийн таамгийг давлаа. Тайлант хугацаанд тус компанийн орлого жилийн дүнгээр 97 хувиар өсч, 479.1 сая ам.долларт хүрчээ. Ингэснээр “Twitter"-ийн алдагдал 2013 онтой харьцуулахад дөрөв дахин буурч, 125.4 сая ам.долларт хүрсэн байна. “Twitter"-ийн зүгээс зар сурталчилгааны орлогынх нь 80 хувийг бүрдүүлдэг гар утасны салбараа дэмжих олон санаачилгыг өрнүүлсэн аж. Ингэснээр дижитал зар сурталчилгааны зах зээлд эзлэх тус компанийн хувь 2.5 хувь болж, 0.3 нэгжээр нэмэгдсэн байна. 2014 оны эцэст “Twitter “идэвхтэй хэрэглэгчдийн тоо 288 саяд хүрээд байсан юм. Харин энэ нь 2013 онтой харьцуулахад 20 хувиар өссөн дүн болсон ч IV улиралд дөрвөн сая орчим идэвхтэй хэрэглэгчээ алджээ. Гэхдээ цаашид хэрэглэгчдийн тоогоо нэмэгдүүлж чадна гэж үзэж байгаагаа тус компанийн удирдлагууд онцолсон байна. Тухайлбал энэ оны I улиралд 13-16 сая хэрэглэгчийг шинээр нэмэхээр төлөвлөжээ. Түүнчлэн “Twitter" компанийн санхүүгийн үзүүлэлт сайжирсаар байгаатай холбоотойгоор I улиралд 450 сая ам.долларын орлого олж, жилийн орлого нь 2.3 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ. Үүнээс гадна мэргэжилтнүүдийн нийгмийн сүлжээний сайт гэгддэг “Linkedin" корпораци 2015 оны ашгийн төлвөө танилцуулсан байна. Тус компани 2015 онд 2.9 тэрбум ам.долларын борлуулалт хийснээр нэгж хувьцаанд нь 2.95 ам.долларын ашиг ногдоно гэж тооцоолжээ. Ингэхдээ шинээр танилцуулах бүтээгдэхүүнүүд нь өндөр борлуулалттай байна гэж үзсэн байна. “Linkedin" корпораци IV улиралд 643 сая ам.долларын орлого олж, гурван сая ам.долларын ашигтай ажиллажээ. Нийт 347 сая хэрэглэгчтэй энэхүү сүлжээний сарын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 93 саяд хүрсэн нь 2013 онтой харьцуулахад тав дахин өссөн үзүүлэлт болж байгаа аж.
Э.Эрдэнэтуяа
Холбоо барих: erdenetuya.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com