Turquoise Hill Resources: Оюу Толгойн борлуулалт нэмэгдсэн ч агуулахынх нь нөөц буурсан
“Оюу Толгой"-н бүтээн байгуулалтын ажил саатсаны улмаас зэсийн баяжмалын үйлдвэрлэлийн төлвөө буруулаад байна. Өнгөрсөн сард өтгөрүүлэгч хоёр шугамын нэгэнд нь гарсан гэмтлийн улмаас үйлдвэр хүчин чадлынхаа 60 хувиар ажиллаж эхэлжээ. Үүнээс шалтгаалан III улиралд зэсийн баяжмалын үйлдвэрлэл нь өмнөх улирлаасаа буурсан дүнтэй гарсан байна. Өнгөрсөн улиралд “Оюу Толгой" компани нийт 36.6 мянган тонн зэс болон 132 мянган унц алт бүхий зэс-алтны баяжмалыг үйлдвэрлэжээ. Зэсийн үйлдвэрлэл нь нэг хувиар буурсан бол алтны үйлдвэрлэл нь тав орчим хувиар агшсан дүнтэй гарсан байна. Харин III улиралд алтны борлуулалт 14 хувиар өсч, 144 мянган тоннд хүрсэн бол зэсийн борлуулалт дөрвөн хувиар нэмэгдэж, 53.6 мянган тоннд хүрчээ. Үүнээс гадна мөнгөний борлуулалт ч гэсэн нэмэгдсэн байна. Мөн “Turquoise Hill Resources"-ийн зүгээс бүтээн байгуулалт саатсаны улмаас энэ оны үйлдвэрлэлийн төлвөө буруулж 550-600 мянган тонн зэс-алтны баяжмал үйлдвэрлэх хүлээлттэй байгаагаа мэдэгджээ. Мөн баяжмал дахь зэсийн агууламж 10 мянгаар буурах төлвийг танилцуулсан байна. Монгол Улсын Засгийн газар болон хөрөнгө оруулагч тал үйл ажиллагааны зардал хэтэрсэн асуудлаар үл ойлголцсоны улмаас тус компанийн далд уурхайн бүтээн байгуулалт өнгөрсөн онд зогссон юм. Одоогоор “Оюу Толгой" зардлаа танаж мөнгөний урсгал болон санхүүгийн үр ашгаа нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа аж. Энэ онд үйл ажиллагааны зардлаасаа нийт 130 сая ам.долларын таналт хийх хүлээлттэй байгаа гэж “Turquoise Hill Resources" мэдээллээ. Мөн үндсэн хөрөнгийн зарцуулалтаа 110 сая ам.доллар болгож, 50 саяар бууруулсан байна. “Оюу Толгой" компанийн ТУЗ хуралдаж олон улсын банкуудын зээлийн баталгааны хугацааг сунгахаар тохиролцсон гэж эх сурвалж мэдээлж байгаа юм. Мөн далд уурхайн ТЭЗҮ-ийн тодотголыг ТУЗ-ийн гишүүд хүлээн авч танилцаж байгаа аж. Үүний дараа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд ТЭЗҮ-ийг хүлээлгэн өгөх юм. Шинэчилсэн ТЭЗҮ-д далд уурхайн санхүүжилтийг 4.9 тэрбум ам.доллар гэж зааж өгсөн. Мөн Монголын талаас бүтээн байгуулалтын ажил ирэх оны эхний хагаст буюу товлосон хугацаандаа эхлэх хүлээлттэй байгаа талаар мэдээллээ.
Д.Хаш-эрдэнэ
Холбоо барих: khasherdene.d@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com