“Turquoise Hill Resources” компани нэмэлт хувьцаагаа өнөөдрөөс арилжаалж эхэлнэ
“Turquoise Hill Resources” компани нэмэлт хувьцаагаа пүрэв гарагаас NASDAQ, Нью-Йоркийн Хөрөнгийн бирж дээр нээлттэй байдлаар арилжаалж эхэлнэ. Ингэхдээ TRQ RT, TRQ. R гэх тэмдэглэгээтэй гаргах юм байна. “Turquoise Hill Resources” компанийн энэхүү нэмэлт хувьцааны нээлттэй арилжаа 2014 оны нэгдүгээр сарын 7-нд дуусна. Тус компани 2.4 тэрбум ам.долларын нэг тэрбум ширхэг нэмэлт хувьцааг NASDAQ, Нью-Йорк, Торонтогийн Хөрөнгийн бирж дээр гаргасан юм. Ингэхдээ эхний ээлжинд компанийн хөрөнгө оруулагчдад нэмэлт хувьцаа худалдах эрхийг нь нээлттэй болгосон байна. “Turquoise Hill Resources” компани нэмэлт хувьцаагаа 12 дугаар сарын 3-ны өдрөөс арилжаалж эхэлсэн юм. Тухайн үед компанийн энгийн нээлттэй хувьцааны ханш Нью-Йоркийн Хөрөнгийн бирж дээр 4.37 ам.доллар байсан бол түүнээс хойш ханш нь буурсаар лхагва гарагийн арилжаа хаагдах үед нэгж хувьцааных нь ханш 3.34 ам.доллар болсон байна. Үүнтэй зэрэгцээд тус компанийн гол хувьцаа эзэмшигч “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Сэм Уолш хийсэн мэдэгдэлдээ “Рио Тинто” компани ирэх таван жилийн хугацаанд коксжих нүүрсний үйлдвэрлэлээ 25 хувиар нэмэгдүүлэхээр зорьж байна. Мөн хэдийгээр дэд бүтцийн асуудал нь шийдэгдээгүй боловч Мозамбикийн нүүрсний салбарт шинэ гарц эрэлхийлж эхэлсэн талаар онцолжээ.
Т.Элиса
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com