Turquoise Hill Resource: “Оюу Толгой"-ийн асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна
“Хөгжлийн замаа хамтдаа сонгоё” бүх нийтийн санал асуулгын дараа “Turquoise Hill Resources" компанийн зүгээс Монгол Улсын Засгийн газартай хамтран “Оюу Толгой"-ийн асуудлыг шийдвэрлэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлээд байна. Учир нь энэ оны нэгдүгээр сарын 31-нээс энэ сарын гуравны хооронд явагдсан санал асуулгын дүнгээр 170 орчим мянган хүн буюу нийт санал асуулгад оролцсон хүмүүсийн 56.1 хувь нь “Оюу Толгой" болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн Монгол дахь АНУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас гаргасан Монголын бизнесийн орчны талаарх үндэсний хэмжээний судалгаанд оролцогчдын гуравны хоёр нь “Оюу Толгой" төслийн хоёр дахь үе шатыг яаралтай эхлүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байдаг. Гэхдээ “Turquoise Hill Resources" компанийн төлөөлөгчийн мэдээлснээр "Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээс өмнө зарим нэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай" байгаа юм байна. Тухайлбал өнгөрсөн жил боловсруулсан “Оюу Толгой" төслийн шинэчилсэн ТЭЗҮ-ийг хувьцаа эзэмшигчид болон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулах ажил хүлээгдэж байна. Мөн “Оюу Толгой" төслийн хоёр дахь шатны санхүүжилтийн асуудлаар талууд тохиролцоонд хүрэх хэрэгтэй байгааг “Turquoise Hill Resources" компанийн төлөөлөгч мэдээллээ. Үүнээс гадна Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон юм. Үүнийг “Financial Times" сонин стратегийн ач холбогдол бүхий ордын Төрийн эзэмшлийн хувийг уурхай хөгжүүлэгч болон тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт шилжүүлж, түүний хариуд роялтигийн нэмэлт төлбөр буюу тусгай зориулалтын төлбөр авах зохицуулалт оруулж байгаа гэж тайлбарласан байна. Ордын нөөцийн хэмжээ зэргээс хамаарч, тусгай зориулалтын төлбөр нь ялгавартай тогтохоор байгаа юм. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Оюу Толгой" зэрэг стратегийн ордын Төрийн эзэмшлийн хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хөрөнгө оруулагчдад худалдах хууль эрх зүйн орчин бүрдэхээр байна. Харин “Оюу Толгой"-ийн Төрийн эзэмшлийн 34 хувь буурч болох эсэх талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Тийм зүйл гарч болно. Бизнес улс төржилгүй бизнесийн зарчмаар явах ёстой" гэж хариулсан талаар “Financial Times" сонинд мэдээлжээ. Гэхдээ энэхүү хуулийн төслийг УИХ-аас хэрхэн батлахаас хамаарч, асуудал шийдэгдэх учиртай юм.
Э.Нарантунгалаг
Холбоо барих: narantungalag.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com