TRQ: Монгол Улсын ТЕГ “Оюу Толгой” ХХК-д 228 сая ам.долларын татварын акт тавилаа
“Turquoise Hill Resources” компани “Оюу Толгой”-ийн санхүүжилтийн хувилбаруудыг судалж дууссанаа танилцуулсны дараа хувьцааных нь ханш өслөө. Нью-Йоркийн биржид 5.8 хувиар, Торонтогийн биржид 5.4 хувиар өсөж, лхагва гарагт дээрх хоёр биржид хувьцааны ханш нь сүүлийн 52 долоо хоногийн оргил түвшинд хүрсэн байна.
Харин арилжаа хаагдсаны дараа “Turquoise Hill Resources” татвартай холбоотой мэдэгдэл гаргасан юм. Үүнд дурдсанаар Монгол Улсын Татварын ерөнхий газар “Оюу Толгой” ХХК-ийн 2016-2018 онд төлсөн татварт аудит хийж, 228 сая ам.долларын татварын акт тавьсан байна. “Оюу Толгой” ХХК энэхүү татварын актыг судалж байгаа бөгөөд Монгол Улсын хуулийн хугацаанд буцааж хариуг нь хүргүүлэх юм байна.
Одоогоос гурав орчим жилийн өмнө Татварын ерөнхий газар мөн л “Оюу Толгой” ХХК-д 2013-2015 оны үйл ажиллагаатай холбогдуулан 155 сая ам.долларын татварын акт тавьж байсан юм. Үүнээс таван сая орчим ам.долларыг нь тус компани хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг нь хүлээн зөвшөөрөөгүй. Улмаар энэ оны хоёрдугаар сард Лондоны арбитрт хандаж байгаагаа “Turquoise Hill Resources” компани мэдэгдсэн юм. Арбитрын ажиллагаа эхэлсэн гэсэн мэдээллийг хамгийн сүүлд хөрөнгө оруулагч талаас өгөөд байна.
“Turquoise Hill Resources” компани Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ болон Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу “Оюу Толгой” ХХК бүх татвар, хураамжаа төлсөн гэх байр сууриндаа хэвээр байгаа гэдгийг мэдэгдлийнхээ төгсгөлд дурджээ.
Т.Элиса | @elisa_elisat
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com