“SouthGobi Resources” компанийн нүүрс олборлолт III улиралд буурчээ
Хонгконг, Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “SouthGobi Resources” компани II улирлын санхүүгийн тайлангаа гаргалаа. Оны эхэнд нүүрсний боомтууд хаагдсан ч гуравдугаар сарын эцсээр эргэн үйл ажиллагаагаа нээсэн юм.
Улмаар “SouthGobi Resources” компани экспортоо аажмаар сэргээж, II улиралд 0.5 сая тонн нүүрс борлуулсан байна. Энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 1.8 дахин бага дүн болж байгаа аж. Мөн II улиралд борлуулсан нүүрсний үнэ тонн тутамдаа 31.7 ам.доллар болж, 2019 оныхоос 14 хувиар буурчээ. Тайлант хугацаанд “SouthGobi Resources” компани 1.9 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна. 2019 оны мөн хугацаанд 5.2 сая ам.долларын ашиг олж байжээ.
Аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар “SouthGobi Resourcse”-ийн Монгол дахь охин компани болох “Саусгоби Сэндс” ХХК-ийн "Овоот толгой" уурхайд 208 хүн ажиллаж байсан байна. VIII-X сард тус компани нийт 1.1 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үеэс 15 хувиар бага дүн байлаа. Монгол Улс дотооддоо “коронавирус”-ийн халдварыг алдсаны дараагаас хөл хөдөлгөөн ихээр хязгаарлагдсан юм. Тус компанийн олборлолт, экспорт хэвийн үргэлжилж байгаа ч цаашид эрсдэл байгаа гэдгийг санхүүгийн тайландаа дурджээ.
Т.Элиса | @elisa_elisat
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com