“Rosneft”-ийн Гүйцэтгэх захирал Владимир Путинд OPEC-тэй хамтарсан хэлэлцээрээс гарахыг зөвлөв
ОХУ-ын Төрийн өмчит газрын тосны компани “Rosneft”-ийн Гүйцэтгэх захирал Игорь Сечин Ерөнхийлөгч Владимир Путинд хандан OPEC-тэй хамтарсан гарц танах хэлэлцээрээс гарахыг зөвлөсөн захидал илгээсэн байна.
"OPEC+" хэлэлцээрийн хүрээнд тус байгууллагын гишүүд болон ОХУ хамтран газрын тосны өдрийн гарцаа 1.2 сая баррелиар бууруулах тохиролцоо хийн түүнийгээ мөрдөж байгаа юм. Харин Игорь Сечин энэ хэлэлцээрийг эсэргүүцсээр ирсэн аж. OPEC болон түншлэгч орнууд гарцаа танаснаар АНУ-ын газрын тосны үйлдвэрлэл нэмэгдэж нөлөө нь тэлнэ гэж тэрбээр үзэж байгаа юм. Түүний гаргасан саналыг Ерөнхийлөгч Владимир Путин хүлээн авахгүй байх магадлалтай гэдгийг ажиглагчид онцолж байна. Кремль АНУ-тай өрсөн Ойрх Дорнодод нөлөөгөө тэлэхийг эрмэлзэж байгаа учир газрын тосны ханшийг өсгөхийн тулд гарц танаж байгаа байр суурийг нь үргэлжлүүлэн дэмжинэ гэж тайлбарлаж байгаа юм.
ОХУ өнгөрсөн оны 12 дугаар сард өдрийн 11.4 сая баррель газрын тос олборлож байсан бол нэгдүгээр сард 11.3 болж хэлэлцээрт орсон бусад улстай харьцуулахад бага хэмжээгээр гарц нь буурчээ.
М.Золбоо
Холбоо барих: zolboo.m@bloombergtvmongolia.com
uyanga.bloombergtvmongolia.com