“Rio Tinto”-ийн Зэсийн групп Монгол ерөнхийлөгчтэй болов
“Rio Tinto” компанийн Зэсийн группын Олон улсын үйл ажиллагаа хариуцсан шинэ ерөнхийлөгчөөр "Алтан Дорнод Монгол" группын гүйцэтгэх захирал Б.Болд томилогдоод байгаа талаар тус компаниас мэдэгдсэн байна. Тэрбээр шинэ үүрэгт ажлаа ирэх зургадугаар сараас эхлэх ч "Алтан Дорнод Монгол" группын ТУЗ-ийн даргаар давхар үргэлжлүүлэн ажиллах юм байна. Түүний хувьд “Rio Tinto”-ийн зөвлөхөөр сүүлийн гурван жил ажиллаж байгаа бөгөөд үүнээс өмнө Лондон, Москва, Нью-Йорк хотуудад ажиллаж байснаас гадна “JP Morgan” компанид гүйцэтгэх захирлын албыг хүртэл хашиж байсан туршлагатай нэгэн аж.
Шинэхэн томилгоотой холбогдуулан Б.Болдоос өмнө тус албыг хашиж байсан “Rio Tinto”-ийн Зэсийн группын гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак "Б.Болдын томилгоо нь “Rio Tinto”-ийн зэсийн бүтээгдэхүүний группт хүч нэмж байгаа хэрэг юм" гэж мэдэгджээ.
Харин Б.Болдын хувьд томилгооныхоо тухайд "Дэлхийд тэргүүлэгч уул уурхайн компани болох “Rio Tinto”д ажиллахаар болсондоо их баяртай байгаа" гэж хэлсэн байна. Мөн тэрбээр энэ удаагийн томилгоо нь Монгол хүний чадварыг харуулсан зүйл болж байгаа гэж мэдэгдээд байгаа юм. Мөн энэ удаагийн томилгоотой холбогдуулж “Оюу Tолгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Камерон МакРей "Б.Болдын томилгоо бол Монгол Улс болон Монголын уул уурхайн салбарын хувьд сайхан мэдээ юм" гэж мэдэгдсэн байна. Дашрамд дурдахад, “Оюу Толгой” компанийн одоог хүртэл үргэлжилж байгаа хувь нийлүүлэгчдийн хурлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас гүйцэтгэх удирдлагын түвшинд Монголчуудын оролцоог хангах зорилт багтаад байгаа юм.
Сонирхуулахад, Б.Болдын томилогдоод байгаа Зэсийн группын Олон улсын үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч нь Австрали, Өмнөд Африк, Папуа Шинэ Гвиней, Индонез, Аляск дахь төслүүд болон уурхайн талбарын аюулгүй, үр ашигтай үйл ажиллагааг хариуцдаг байна. Үүнээс гадна Зэсийн группын хөрөнгө оруулалтын багцыг нэгтгэхэд туслах үүрэг давхар багтаж байгаа бөгөөд тэдний нэгд Монголын “Оюу Толгой”-н орд багтаж байгаа юм. “Rio Tinto” компанийн Зэсийн группын хувьд 2012 онд 549 мянган тонн зэс олборлож, дэлхийн зургаа дах том зэсийн ханган нийлүүлэгчээр тодроод байна.