"Ralph Breaks The Internet" хүүхэлдэйн кино 56.2 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийг тэргүүллээ
“Walt Disney”-ийн "Ralph Breaks The Internet" 3D хүүхэлдэйн кино нээлтээ хийсэн даруй “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ. “Walt Disney Pictures”-ийн 57 дахь хүүхэлдэйн кино болон гарч байгаа энэхүү бүтээл өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойд Америкт 56.2 сая ам.долларын орлого олсон талаар “Comscore” мэдээллээ.
175 сая ам.долларын зардлаар бүтсэн энэхүү хүүхэлдэйн кино Талархлын баяраар нээлтээ хийж, хамгийн өндөр орлого олсон кино жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байгаа төдийгүй олон улсад 125.9 сая ам.долларын орлого олоод байна. Түүнчлэн шинээр нээлтээ хийсэн “Metro-Goldwyn-Mayer” студийн спортын сэдэвт драм төрлийн "Creed Two" кино 35.5 сая ам.долларын орлогоор жагсаалтыг удаалжээ.
2015 онд гарсан “Creed” киноны хоёрдугаар анги, “Rocky” цувралын найм дахь бүтээл болох энэхүү кино 50 сая ам.долларын зардлаар бүтсэн байна. "Creed Two" кино “Cinemascore”-оос "A" үнэлгээ авсан төдийгүй олон улсад орлого нь 109.7 сая ам.доллараар хэмжигдэж байгаа аж.
Харин өнгөрсөн долоо хоногт “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлсэн "The Grinch" 3D хүүхэлдэйн кино 30.3 сая ам.долларын орлогоор жагсаалтын эхний гуравдугаарт багтжээ. 75 сая ам.доллараар бүтсэн "The Grinch" хүүхэлдэйн кино олон улсад 215.7 сая ам.долларын орлого олоод байна.
Сонирхуулахад, Талархлын баяр тохиосон өнгөрсөн амралтын өдрүүдэд “Box Office”-ийн жагсаалтын шилдэг 12 кино Хойд Америкт нийт 206 сая ам.долларын орлого олжээ. Энэ нь өмнө нь байгаагүй түүхэн үзүүлэлт болсон байна.
Н.Номин-Эрдэнэ
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com