PWC: Видео стриминг үйлчилгээний орлого 2024 он гэхэд “Box Office”-ийнхоос 2 дахин давах төлөвтэй
2019 онд огцом өссөн олон улсын энтертайнмент, медиа салбарын орлого цар тахлын нөлөөгөөр 2020 онд зургаан хувиар буурсан байна. “COVID-19”-ийн тархалтын улмаас үзвэр, үйлчилгээний газруудыг хязгаарласан нь үүнд голлон нөлөөлжээ.
Салбарын томоохон компаниуд маркетинг, зар сурталчилгааны зардлаа танасан байна. Энэ үзүүлэлт харьцангуй удаан сэргэж, 2022 он хүртэл 2019 оны өндөр үзүүлэлтээ давахгүй гэж “PWC”-ийн судалгаанд дурджээ. Хэдий тийм боловч хөл хорионы үед “OTT” зэрэг стриминг үйлчилгээний зарцуулалт өссөнийг Дэлхийн эдийн засгийн чуулган онцолж байна. Өөрөөр хэлбэл цар тахал уламжлалт маркетингаас дижитал зар сурталчилгааны арга барилд шилжих үйл явцыг түргэсгэж байна.
Дэлхий даяар нэг тэрбум өрх суурин интернэтэд холбогдож, гар утсаараа интернэт хэрэглэж буй хүмүүсийн тоо 3.4 тэрбум хүрээд байгаа аж. 5G сүлжээ нэвтрэхтэй зэрэгцэн дата хэрэглээ огцом өсөж байна. Энэ тренд цаашид удаан хадгалагдвал видео стриминг үйлчилгээний орлого 2024 он гэхэд “Box Office”-ийнхоос хоёр дахин давах төлөвтэй байна.
Аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байгаа ч хэрэглэгчдийн зан төлөв хиймэл оюунд суурилсан технологи руу чиглэж байна. Тухайлбал: “PWC”-ийн судалгаанд хамруулсан 20 улсад 2024 он гэхэд 543 сая ухаалаг чанга яригч ашиглах тооцоо гарчээ.
Б.Ариунболд
Холбоо барих: ariunbold.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com