“Paypal Holding”, “Izettle”-тэй нэгдэж “Square”-тай өрсөлдөнө
“Paypal Holding” компани Шведийн жижиг бизнест чиглэсэн платформ “Izettle”-ийг 2.2 тэрбум ам.доллараар худалдаж авахаар боллоо. Ингэснээр “Paypal Holding” Европ, Латин Америкийн зах зээлд үйл ажиллагаагаа тэлж, ижил бизнес эрхэлдэг “Square” компанитай өрсөлдөх боломжтой болох юм. “Izettle” компани энэ сарын эхээр IPO хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэж байжээ. Тус компани шинэ эзэмшигчтэй болсноор цаашдын үйл ажиллагаанд нь дэвшил авчирна гэж тус компанийн Гүйцэтгэх захирал мэдэгдэж байсан аж. Хоёр компанийн нэгдлийн дараа “Izettle”-ийн одоогийн Гүйцэтгэх захирал албан тушаалаа үргэлжлүүлэн хаших юм. Тус компани 2018 онд 165 сая ам.долларын орлоготой ажиллахаар төлөвлөж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл дээрх платформаар дамжин зургаан тэрбум ам.долларын гүйлгээ хийгдэхээр байна.
“NISSAN”, “RENAULT” НЭГДВЭЛ ХЭН УДИРДАХ ВЭ
Японы “Nissan”, Францын “Renault” компаниуд хамтын ажиллагаагаа сайжруулах, нэгдэн нийлэх боломжийн талаар хэлэлцэж байна. Хэдий тийм боловч “Nissan” компани бүтээгдэхүүн хөгжүүлэлт, инженерчлэл зэрэг гол ажлуудыг чиглүүлэх давуу эрх олгохгүй бол нэгдэхгүй гэсэн байр суурьтай байна. Түүнчлэн компаниудын нэгдлийн дараа хэн нь удирдлагыг гартаа авах нь гол асуудал болоод байгаа юм. Удирдлагын бүтцээс үл хамааран жилд 170 тэрбум ам.долларын орлого олно хэмээн найдаж байгаагаа дээрх компаниудын захирлууд мэдэгдсэн байна. Одоогоор “Nissan” компани “Renault”-ийн хувьцааны 15 хувийг эзэмшдэг, шийдвэрт нөлөөлөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд эзэмшлээ 25 хувь хүртэл тэлэх сонирхолтой байгаа ажээ. Харин “Renault” компани “Nissan”-ийн 43.5 хувийг эзэмшдэг байна.
“BP”, “CONOCOPHILLIPS” СВОП ХЭЛЦЭЛ ХИЙХЭЭР ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА
“BP”, “ConocoPhillips” компаниуд своп хэлцэл хийхээр зөвлөлдөж байгаагаа мэдээллээ. Ингэснээр “BP” умард тэнгис дэх төслүүдийн хувь эзэмшигч болохыг зорьж байгаа бол “ConocoPhillips” компани Аляска дахь төсөлд хувь эзэмших юм. “BP” компани илүү өндөр өгөөжтэй цөөн хэдэн төсөлд төвлөрөн ажиллахаар төлөвлөж байгаагаа мэдэгдээд байна. Харин “ConocoPhillips” Англи дахь олборлолтоо танаж, АНУ-ын газрын тосны гарц өндөртэй бүс нутагт ажиллахаар төлөвлөж байгаа ажээ. Хэдий тийм боловч талууд тохиролцоонд хүрч чадалгүй, хэлцэл бүтэлгүйтэж магадгүй байна.
С.Өлзийбуян
Холбоо барих: ulziibuyan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com