
Зургийг: mongolia.gov.mn
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын төслийн хөрөнгө оруулалт 1.2 их наяд орчим төгрөг болж байгаа. Энэхүү төслөөс урт хугацаандаа 300 орчим тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллах тооцоололтойг Засгийн газар мэдээллээ.
Төмөр зам ашиглалтад орсноор жилд 20-25 сая тонн ачааг Улаанбаатар хотын төвөөр дайруулахгүй тээвэрлэнэ. Ингэснээр нийслэлд төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрэх үед авто замын хөдөлгөөнийг хаадаг хугацааг хоногт дунджаар 20-120 минут буюу 90 хүртэлх хувиар бууруулна. Мөн төмөр замын хүчин чадал нэмэгдсэнээр хүнд даацын автомашинууд замын хөдөлгөөнд оролцох нь багасаж, дунджаар 1800 орчим том оврын автомашины хөдөлгөөнийг бууруулах боломжтой гэсэн тооцоолол гарчээ. Мөн 1000 гаруй байнгын ажлын байр шинээр бий болно.
Төслийн I үе шат болох Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий хүртэлх эхний 87.8 км замыг есдүгээр сарын нэгнээс ашиглалтад оруулна. Үлдсэн Шувуун фабрик, Эмээлт чиглэлийн замын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээ. Энэ хэсэгт Туул гол дээгүүр 476 метр урттай төмөр замын гүүр барьж байгаа аж.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд дотоодын 95 аж ахуйн нэгж, 4000 орчим инженер техникийн ажилтан оролцож буйг мэдээллээ.