logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    2025 оны “Catalyst”-ууд тодорлоо
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 24 15:40
    591

    Зургийг: Bloomberg TV Mongolia

    "Bloomberg TV Mongolia" хоёр дахь жилдээ салбартаа манлайлагч, эдийн засаг, нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулсан "Catalyst"-уудыг тодруулав

    “Bloomberg TV Mongolia” шилжилтийн эдийн засагт бүтээмж, ур чадвар, стратеги, нийгмийн хариуцлагаар тэргүүлж, тогтвортой хөгжлийг түүчээлж байгаа “CATALYST”-уудыг хоёр дахь жилдээ тодрууллаа. Энэ оны “Catalyst”-уудыг хөрөнгө оруулалт, инновац, тогтвортой хөгжил, дижитал шилжилт, манлайлал, төсөл зэрэг найман төрөлд шалгаруулсан юм. 

    Нийслэлд 10.3 км урт хоёр шугам бүхий дүүжин замын тээврийн төсөл хэрэгжүүлж буй “POMA Mongolia” компани “Investment Catalyst”-аар тодорсон. Улаанбаатар хотын автозамын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой Дүүжин тээврийн төсөлд  Францын Засгийн газраас 60 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгож байгаа юм. 

    ezgif-51ae35c88a872ccb.jpg

    Мөн 2025 оны “Leadership Catalyst”-аар Монгол Улсад утасгүй сүлжээний тав дахь үе болох 5G сүлжээг бүс нутгийн 39 хувьд нэвтрүүлж, технологийн компани болох шилжилтийг манлайлж буй Мобиком корпорацын Гүйцэтгэх захирал Кожи Курушима тодорсон. Одоогоор Мобиком корпорац нэг сая хэрэглэгчдэд нийт хоёр их наяд төгрөгийн “mobilife” дижитал даатгалын хамгаалалт олгосноос гадна “Smart Education” төслийн хүрээнд 37,000 гаруй сурагчид цахимаар суралцах боломж олгож буй. 

    “Innovation Catalyst”-аар маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг шинэ түвшинд гаргаж, хүнсний салбарын инновацыг хурдасгасан амжилтаар АПУ ХК-ийн Борлуулалт, Маркетинг эрхэлсэн захирал Б.Цацрал тодорч байна. Түүний удирдсан төслүүдийн хүрээнд сүүлийн гурван жилд АПУ ХК олон улсын 26 байгууллагатай хамтран зах зээлд шинээр 66 бүтээгдэхүүн гаргасан байна.   

    ezgif-5388f4c99d80b24f.jpg

    Харин "Project Catalyst”-аар М-Си-Эс Проперти ХХК уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн бүтэцтэй Монгол Улсад экспортын бүтээгдэхүүний төрөлжилт, валютын нөөцөд үнэмлэхүй хувь нэмэр оруулах Эрдэнэ Монгол компанийн "Баянхөндий" төслийг гүйцэтгэснээрээ шалгарав. Тус компанийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, 26 сарын хугацаанд гүйцэтгэн хүлээлгэн өгсөн "Баянхөндий" төсөл нь Улаанбаатараас 1000 км зайд, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын говийн бүсэд хэрэгжсэн "greenfield" төрлийн стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт юм. Төслийн хүрээнд боловсруулах үйлдвэр, ажилчдын амрах байрны цогцолбор, инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц байгууламжууд, үйлдвэрийн бус барилгуудыг цогцоор нь барьж байгуулсан бөгөөд энэ нь Монгол Улсын барилга угсралтын салбарын нэгэн жишиг бүтээн байгуулалт болсон юм. 

    Дэлхийн эдийн засагт газрын ховор элементийн эрэлт өсөн нэмэгдэж буй энэ цаг үед Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилтыг дэвшүүлсэн “Монголын Үндэсний Ховор Элемент Корп” ХХК “ESG Catalyst” боллоо. Тус компанийн Ховд аймгийн Мянгад сумын нутаг дахь "Халзан Бүрэгтэй" төсөл нь газрын ховор элементийн салбарт байгаль орчин, нийгмийн хариуцлага, засаглалын олон улсын стандартыг бүрэн нэвтрүүлсэн анхны сайн туршлага болж байна. 

    "Digitalization Catalyst"-аар "Teso Investment" компанийн хөрөнгө оруулсан “Tino super app”-ын Гүйцэтгэх захирал С.Эрдэнэбаяр тодорч байна. ТИНО супер апп нь хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралыг хялбарчлахад туслах төрөлжсөн апп-уудыг санал болгож буй. Тухайлбал: ухаалаг хөргүүрийн "Tino store", төлбөр тооцооны "Tino Pay", хүнс өргөн хэрэглээний бараа захиалгын 24/7 үйлчилгээ бүхий "Tino grocery", хиймэл оюуны "Tino AI", аяллын "Tino trip" зэрэг олон үйлчилгээ нэвтрүүлжээ. 

    Харин сүүлийн хоёр жил дараалан дэлхийн Төв банкнуудын шилдэг удирдлагуудын жагсаалтад багтаж, “A-” үнэлгээнд хүрсэн батламж аваад буй Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Economic Catalyst”-аар тодорлоо. “Global Finance” сэтгүүлийн “Central Banker Report Cards” тайланд Б.Лхагвасүрэнг “Уул уурхайгаас ихээхэн хамааралтай, цаг уурын таагүй нөхцөлд өртөмтгий Монгол Улсын эдийн засагт тулгарсан сорилтуудыг амжилттай даван туулж ирсэн” хэмээн онцолсон байна. 

    ezgif-522cfef232f2b407.jpg

    Мөн 2025 оны “Impact Catalyst”-аар НООРОГ.МН-ийг үүсгэн байгуулагч О.Уламсайхан  тодорлоо. Албан тушаалтнууд өөрсдөдөө давуу байдал бий болгосонд дургүйцлээ илэрхийлэх, орлогоо нотлох, огцрохыг шаардаж нийгэмд дуу хоолойгоо хүргэсэн нь түүнийг нөлөөлөгчөөр тодруулах гол үндэслэл болсон билээ.  

    Ийнхүү хөгжлийн хурдасгуур болсон "Шилдэг"-үүдийг тодруулах нь Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, хэвлэл мэдээллийн оролцоо, санаачилгыг манлайлан сайн жишиг тогтоох “Bloomberg TV Mongolia”-ийн үндсэн зорилтуудын нэг юм.

    "Bloomberg TV Mongolia" нь 2013-2023 онд жил бүр эдийн засаг, бизнес, нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулсан салбартаа тэргүүлэгч шилдгүүдийг "Bloomberg Awards"-аар дамжуулан тодруулсан бөгөөд дараагийн хуудсыг "Catalyst"-уудаар үргэлжлүүлж буйг дахин сануулахад таатай байна. 

    Cэтгэгдэл бичих