“Netflix"-ийн АНУ дахь шинэ хэрэглэгчид 880 мянгаар нэмэгджээ
Онлайн стримингийн үйлчилгээ үзүүлэгч “Netflix” компанийн АНУ дахь шинэ хэрэглэгчдийн тоо III улиралд 880 мянгаар нэмэгдлээ. Энэ нь 1.25 сая хэмээн таамаглаж байсан шинжээчдийн таамгаас дутсан тааруу дүн болжээ. Харин олон улс дахь шинэ хэрэглэгчдийн тоо харьцангуй өндөр буюу 2.7 саяар нэмэгдэж, нийт үйлчлүүлэгчдийн тоо нь 69 саяыг даваад байна. Тайлант хугацаанд тус компани нийт 1.74 тэрбум ам.долларын орлоготой ажилласан бөгөөд цэвэр ашиг нь 29 сая ам.доллараар хэмжигдэж байна. “Netflix” нь төлбөрийн системийн найдвартай байдлыг нэмэгдүүлэхийн тулд чипэнд суурилсан шинэ кредит картуудыг нэвтрүүлсэн ч ажиллагаа ихтэй шинээр гаргасан төлбөрийн хэрэгсэл нь шинэ хэрэглэгчдийн тоо буурах гол шалтгаан болсныг тус компанийн удирдлагууд онцолж байна. Түүнчлэн ам.долларын ханш чангарсан нь олон улс дахь борлуулалт буурахад нөлөөлжээ. “Netflix” нь зах зээлийн өрсөлдөөнийг давж гарахын тулд Ази болон Европт үйл ажиллагаагаа эрчимтэй тэлэх болсон юм. Тухайлбал 2015 он гарсаар Австрали, Японд үйлчилгээгээ нэвтрүүлсэн бол цаашид Хонгконг, Тайвань, Сингапур болон БНСУ-ын зах зээлд нэвтрэхээр төлөвлөж байгаа ажээ.
Э.Эрдэнэтуяа
Холбоо барих: erdenetuya.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com