Moderna: Туршилтын вакцин "COVID-19" өвчлөлөөс 94.5 хувь хамгаалж буй нь нотлогдсон
“Moderna”-ийн хөгжүүлж буй “COVID-19”-ийн эсрэг вакцин эмнэлзүйн сүүлийн шатны туршилтаар 94.5 хувийн үр нөлөөтэй болох нь батлагдсан талаар тус компани мэдэгдлээ. Туршилт явуулж, 30 мянган хүнийг хамруулахад тэдний тав нь л өвчилжээ.
Ийнхүү цар тахлыг зогсоох эрдэмтдийн хүчин чармайлтад дахин дэвшил гарч байна. Түүнчлэн "Дэлхий нийтээр 2022 оны дунд үе гэхэд цар тахлыг хяналтдаа авахад хангалттай тооны хүмүүсийг вакцинжуулалтад хамруулах боломж бүрдэнэ" гэж “BioNTech” компани мэдээллээ.
Венесуэл улс ОХУ-ын “Sputnik V” вакцинаас 10 сая тунг худалдаж авахаар тохиролцсоныг тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдлээ. Үүнээс гадна Европын Комисс Германы “CureVac” компаниас 405 тэрбум тун вакцин худалдан авах гэрээ байгуулснаа зарлажээ. Шинэ вакцинууд ойрын хэдэн сард бэлэн болж эхлэх төлөвтэй гэсэн өөдрөг хүлээлттэй байгаагаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын удирдлагууд мэдэгдсэн байна. Эхний ээлжид эмнэлгийн ажилчдыг вакцинд хамруулах шаардлагатай гэдэг байр сууриа дахин илэрхийлжээ.
Үүнээс гадна Европын орнууд болон АНУ-д “COVID-19”-ийн халдварын тархалт огцом нэмэгдэж буйд маш санаа зовж буйгаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага илэрхийлсэн байна.
АНУ-д “COVID-19”-ийн халдварын шинэ тохиолдол долоо хоногийн дунджаар бүх мужид өсөж байна. Тус улсын эрх баригчид эдийн засгаа эргэн нээх төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүрч байна. Калифорнид нийт оршин суугчдынхаа 94 хувьд хорио цээр, хязгаарлалтын хамгийн хатуу дэглэмийг тогтоохоор шийдвэрлэсэн байна.
АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байден халдварын тархалтыг тогтоон барих нь эдийн засгийн сэргэлтэд чухал гэж мэдэгдсэн байна. Тэрбээр мөн “General Motors”, “Microsoft” зэрэг салбартаа тэргүүлэгч компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзжээ.
Австрид гурван долоо хоногийн хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Мягмар гараг буюу өнөөдрөөс эхлэн бүх сургуулт, дэлгүүр, үсчнээс авахуулаад бүх үйлчилгээний газруудыг хаана гэж тус улсын Канцлер мэдэгдлээ.
Харин ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель хязгаарлалтын арга хэмжээг чангатгаар төлөвлөж байсан нь хойшлогджээ. Тус улсын эрх баригчид энэ асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэх юм. Харин Францад дахин хөл хорио тогтоосны ачаар цар тахлыг аажмаар хяналтдаа авч байна гэж тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгдээд байна.
ОХУ-д халдварын тохиолдол 22.7 мянга буюу дахин дээд дүнгээр нэмэгдэж, нийт тохиолдол хоёр сая дөхөөд байна.
Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдвар авсан 483 мянга, эндсэн 7.1 мянган тохиолдол шинээр бүртгэгджээ.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com