“Johnson&Johnson”-ийн нэг тунтай вакцины үр нөлөө өндөр байгааг урьдчилсан судалгаагаар тогтоов
“Johnson&Johnson”-ийн туршиж буй нэг тунгаар хийдэг “COVID-19”-ийн эсрэг вакцины үр нөлөө илүү өндөр байгааг урьдчилсан судалгаагаар тогтоолоо. Удахгүй эмнэлзүйн эцсийн шатны туршилтын үр дүнг танилцуулна.
Компанийн албан мэдэгдэлд дурдсанаар нэг тунг хийлгэсэн хүмүүсийн 90 гаруй хувьд нь 29 хоногт дархлаа тогтож, цааш 71 хоног тэсвэртэй байгаа нь батлагдсан байна. Энэ нь “COVID-19”-ийн эсрэг одоо хэрэглэж буй бусад тэргүүлэх вакцинуудын нэг тунтай нь харьцуулахад өндөр үзүүлэлт болж байгаа аж. АНУ-д энэхүү вакциныг гуравдугаар сард бүртгэх магадлалтай байна.
Ирэх сараас вакцинжуулалтаа эхлүүлэх гэж буй Австрали улс “AstraZeneca”-ийн вакцинд бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Энэ вакцин нь аюулгүй, хүртээмжтэй, Австралид үйлдвэрлэх боломжтой, хөргөгчид хэвийн горимд хадгалах боломжтой гэж тус улсын Сангийн сайд албан мэдэгдэлдээ онцолжээ.
Мексик улсын хувьд ОХУ-ын “Sputnik V” вакциныг удахгүй бүртгэж, ашиглах зөвшөөрөл олгох магадлалтай байгаа аж. Харин Турк улсад БНХАУ-ын “Sinovac”-ийн вакциныг бүртгээд байна. Тус улсын Эрүүл мэндийн сайд вакцинжуулалтад хамгийн түрүүнд хамрагдах юм байна.
Түүнчлэн “Pfizer”, “BioNTech” компаниуд Хонгконгт вакцинаа бүртгүүлэх хүсэлтээ мэдүүлжээ. Хариу нь ирэх даваа гараг гэхэд гарах төлөвтэй байгаа юм.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com