IX сард нүүрсний экспорт өмнөх сараас 17 хувиар өсөж, 4.65 сая тонн болов
Есдүгээр сард Монгол Улсын нүүрсний экспорт 4.65 сая тонн болж, өмнөх сараас 17 хувиар өсжээ. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулсан "Ногоон гарц" журмыг хэрэгжүүлж байна.
Үүнээс гадна БНХАУ-д импортын нүүрсний эрэлт нэмэгдсэн нь үүнд нөлөөлсөн гэж “SXCoal”-ийн шинжээчид дүгнэжээ. Зөвхөн БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний экспорт өмнөх сараас 19 хувиар өсөж, 4.48 сая тонн болсон байна. Ийнхүү зургаа дахь сардаа дараалан өслөө.
Оны эхний есөн сард чулуун нүүрсний нийт экспорт 19.8 сая тонн болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 30 хувиар бага байна. Энэ оны эцэс гэхэд нийт 25 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьж буйгаа Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд мэдээлж байсан юм.
Оны сүүлийн саруудад нүүрсний экспорт эрчимжиж байгаа учир энэ нь боломжтой гэж экспортлогч компаниуд үзэж байна. Харин үнэ ханшийн тухайд коксжих нүүрсний үнэ буурах хандлагатай, эрчим хүчний нүүрсний үнэ тогтвортой байгаа талаар “Өсөх зоос” ХХК мэдээлж байлаа.
“Өсөх зоос” ХХК-ийн захирал Ч.Чинбат
Т.Элиса | @elisa_elisat
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com