"Google Pay"-ээр банкны дансаа хянах боломжтой болно
“Alphabet” компани банкнууд болон жижиглэн худалдааны компаниудтай хамтран “Google Pay” платформоо өргөжүүллээ. Дэлхийн 30 оронд 150 сая гаруй хэрэглэгчтэй энэхүү app-д “Citigroup” зэрэг 11 банк нэгдэж шинэ хэлбэрийн банкны данс, картын үйлчилгээг үзүүлэхээр болж байна. Мөн цаашлаад хэрэглэгчдэд дэлгүүр үйлчилгээний газрууд, рестораны хямдралын мэдээлэл зэргийг хүргэх юм байна.
Ингэснээр технологийн салбарын тэргүүлэх компаниудын нэг “Alphabet” АНУ-ын санхүүгийн системд өмнө нь байгаагүй оролцоотой болж байгаа юм. Цар тахлын үед хүмүүс бэлэн мөнгөөр гүйлгээ хийх нь багасаж байгаа аж. Мөн АНУ-ын эрх баригчид БНХАУ-д “Alipay”, “WeChat” гэсэн санхүүгийн уламжлалт бус, финтек үйлчилгээ улам бүр газар авч байгаад нэлээд санаа зовинож байгаа энэ үед “Google Pay” ийнхүү үйлчилгээний хүрээгээ тэлж байна.
Технологийн аварга компаниуд Азийн туршлагаас санаа авч дижитал төлбөр тооцооны системийг хуулах байх гэсэн айдас АНУ-ын банкнуудад үүсээд багагүй хугацаа өнгөрсөн аж. Хэдий тийм боловч “Alphabet” энэ удаад “Citigroup” зэрэг банкнуудтай хамтарч байгаа нь банкны секторынхон бага боловч тайвширч болох юм гэсэн дохиог өгч байна. Технологийн компаниудаас “Apple” төлбөрийн систем болон зээлийн карт үүсгэсэн, “Facebook” өөрийн гэсэн цахим валют санал болгосон гэх мэт туршлага байгаа юм.
“Google Pay” үйлчилгээг сайжруулснаар “Alphabet” хэрэглэгчдийн өдөр тутмын санхүүгийн гүйлгээ, худалдан авалтын түүхийг харуулсан асар том мэдээллийн баазтай болно. Гэхдээ энэ давуу талаа мэдээллийг гуравдагч талд зарах гэх мэт байдлаар ашиглахгүй, харин харилцагч нартаа яавал хадгаламжаа нэмэгдүүлэх вэ гэх зэрэг мэдээлэл өгөх эх сурвалж болгоно гэж тус компани мэдэгджээ.
Ж.Зоригт
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com