"Godzilla: King of The Monsters" 49 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ
“Warner Bros. Pictures”-ийн бүтээл фантаз, шинжлэх ухааны уран зөгнөлт "Godzilla: King of The Monsters" кино нээлтээ хийсэн даруй “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлсэн байна.
“Godzilla” франчайзингийн 35 дахь бүтээл, 2014 онд дэлгэцнээ анх гарсан “Godzilla”-ийн шинэ анги болох энэхүү кино өнгөрсөн долоо хоногт Хойд Америкт 49 сая ам.долларын орлого олсон талаар “Comscore” мэдээлсэн юм. Энэ нь гэхдээ 170 сая ам.долларын төсвөөр бүтсэн энэхүү киноны орлого таамагт хүрсэнгүй.
Олон улсын орлого нь 179 сая ам.доллароор хэмжигдэж байгаагаас 70 сая ам.долларыг БНХАУ-ын зах зээл бүрдүүлж байна. "Godzilla: King of The Monsters"-ийн үзэгчдийн 67 хувь нь эрэгтэй, 59 хувь нь 25-аас дээш насныхан байжээ.
Харин өнгөрсөн долоо хоногт “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлсэн "Aladdin" кино 42.3 сая ам.долларын орлогоор удаалсан байна. 183 сая ам.долларын зардлаар бүтсэн энэ киноны орлого олон улсад 446 сая ам.доллар давжээ.
Мөн шинээр нээлтээ хийсэн “Paramount Pictures”-ийн бүтээл мюзикл төрлийн "Rocketman" кино 25 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтын шилдэг гуравт багтсан байна. Элтон Жоны амьдралаас сэдэвлэсэн энэхүү намтар бүтээл 40 сая ам.долларын зардлаар бүтжээ. Олон улсад буюу 40 гаруй оронд нээлтээ хийж, орлого нь 31.2 сая ам.доллароор хэмжигдэж байна.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com