“Erdene Resource Development”-ийн Торонтогийн Хөрөнгийн бирж дэх хувьцааг МХБ-ийн бүртгэлд оруулна
“Erdene Resource Development” компанийн Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй 263.8 сая ширхэг хувьцааг Монголын Хөрөнгийн биржийн бүртгэлд оруулахаар Санхүүгийн зохицуулах хороо шийдвэрлэлээ.
Ингэснээр Монгол болон Канад улсын иргэн, аж ахуйн нэгж “Erdene Resource Development” дэх өөрийн эзэмшлийн хувьцааг өмчлөх эрхийг бүртгэгч байгууллагадаа хүсэлт гаргах замаар хоёр биржээр дамжуулан чөлөөтэй арилжаалах нөхцөл бүрдлээ гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны мэдэгдэлд дурджээ. Хэдий тийм боловч энэ нь хараахан шууд боломжтой болоогүй, яриа хэлэлцээ үргэлжилж байгаа гэдгийг “Erdene Resource Development”-ийн зүгээс мэдээллээ.
“Erdene Resource Development”-ийн хувьцааг Монголын Хөрөнгийн биржид бүртгэж авснаар манай биржийн зах зээлийн үнэлгээ лхагва гарагийн ханшаар тооцвол 100 орчим сая канад.доллароор нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Мөн энэ нь гадаадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд дотоодод хувьцаагаа давхар бүртгүүлэх сонирхлыг нэмэгдүүлнэ гэж Санхүүгийн зохицуулах хороо тооцоолж байна.
“Erdene Resource Development”-ийн хувьцааны ханш Торонтогийн Хөрөнгийн биржид мягмар гарагийн арилжаа хаагдах үед 3.85 хувиар буурч, 0.38 канад доллар болсон байна. Харин зах зээлийн үнэлгээ нь 100 сая гаруй канад доллар болжээ.
“Erdene Resource Development” анх Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгүүлэхдээ дөрвөн сая хувьцаагаа гаргаж, нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 640 төгрөгөөр тооцож байсан юм. Харин өнөөдрийн байдлаар хувьцааны ханш нь 825 төгрөг даваад байна.
Тус компани Баянхонгор аймгийн нутагт орших “Баянхөндий”, “Алтан нар” төслийн олборлолтын зөвшөөрлөө авсан бөгөөд “Баянхөндий” алтны төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2021 оны II улирлаас эрчимжүүлэхээр төлөвлөж байна.
Т.Элиса | @elisa_elisat
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com