“Dell” компани “EMC”-ийг 67 тэрбум ам.доллараар худалдаж авна
АНУ-ын компьютер үйлдвэрлэгч “Dell” компани мэдээлэл хадгалалтын “EMC” компанийг 67 тэрбум ам.доллараар худалдаж авахаар тохиролцлоо. Хэрэв холбогдох албанаас зөвшөөрөл олговол энэ нь технологийн компаниудын хооронд хийгдэж байгаа түүхэн дэх хамгийн том хэлэлцээр болох юм. “Dell”-ийн зүгээс “EMC”-ийн нэгж хувьцаанд 33.15 ам.доллар төлөхөөр шийдвэрлэсэн нь баасан гарагийн хаалтын ханшнаас 20 хувиар илүү дүн болсон байна. Түүнчлэн “EMC”-ийн хувьцаа эзэмшигчид нэгж хувьцаа тутамд 24.05 ам.долларыг бэлэн мөнгөөр авч, 9 хувьцаа тутамдаа шинэ байгуулагдах компанийн нэг хувьцааг авахаар болжээ. Хэлэлцээр 2016 оны 5-10 дугаар сарын хооронд эцэслэн шийдвэрлэгдэх хүлээлттэй байна. Дэлхий дахинд компьютерийн борлуулалт буурч байгаатай холбоотойгоор “Dell” компани үйл ажиллагааны чиглэлээ төрөлжүүлэхэд анхаарах болсон юм. Тиймээс мэдээлэл хадгалалтын салбарыг хамгийн өсөлттэй салбар гэж харсныг албаныхан онцолж байна. Урьдчилсан байдлаар шинэ компанийн жилийн орлого 80 тэрбум ам.доллараар хэмжигдэх тооцоо гарчээ.
Э.Эрдэнэтуяа
Холбоо барих: erdenetuya.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com