"COVID-19"-ийн батлагдсан тохиолдлын тоо 2-оор нэмэгдэж, 557 боллоо
Сэлэнгэ аймагт хоёр хүнд “коронавирус”-ийн халдвар илэрч, дотоодод батлагдсан кластер өвчлөлийн тоо өнөөдрийн байдлаар 122 болоод байгааг ХӨСҮТ мэдээллээ.
Баасан гарагийн 17.00 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт нийт 53, Улаанбаатар хотод 33, Орхон аймагт 13, Дархан-Уул аймагт 16 тохиолдол бүртгэгдээд байна. Мөн Говьсүмбэр аймагт нэг, Дорноговь аймагт зургаан тохиолдол баталгаажаад байгаа юм.
Цар тахлын халдварын голомт үүссэн таван аймаг болон Улаанбаатар хотод хариу арга хэмжээ, тандалт судалгаа шинжилгээний ажил үргэлжилж байна. Одоогоор дотоодод батлагдсан голомтуудын хавьталд тооцогдсон 9239 хүнд шинжилгээ хийгээд байна. Үүнээс 115-д нь халдвар илэрчээ.
"COVID-19"-ийн халдвар агаар дуслын замаар гинжин хэлхээ үүсгэн халдварлаж байгаа ба цаашид өвчлөл нэмэгдэх хандлагатай байгааг Эрүүл мэндийн яам мэдээллээ. Иймээс иргэд хөл хорионы үед амны хаалтаа зүүж, гэрийн дэглэмийг сахиж, олон нийтийн нягтаршлаас зайлсхийх шаардлагатай байна гэж анхаарууллаа.
Үүнээс гадна нийслэлд батлагдсан анхны голомтын ойрын болон хоёрдогч хавьталд тооцогдсон иргэдийн зарим нь шинжилгээнд хамрагдахгүй байгааг онцлов. Иймд эдгээр иргэдийг нарийн тандалтын замаар илрүүлж шинжилгээнд хамруулж ажиллана гэдгийг тодотголоо.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com