“Coca Cola” компани 60 жилийн дараа Мьянмарт үйлдвэрээ дахин нээлээ
Ундааны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Coca Cola” компани 60 жилийн дараа Мьянмар улсад үйлдвэрээ дахин нээлээ. “Coca Cola”-ийн гүйцэтгэх захирал Мухтар Кент "Мьянмарын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэхэд анхаарч ажиллана" гэдгийг онцолсон байна. Ирэх таван жилийн хугацаанд “Coca Cola” компани Мьянмар улсад 200 сая ам.долларын хөрөнгө оруулах юм байна. Түүнчлэн ирэх долоодугаар сард Мьянмарт хоёр дахь үйлдвэрээ нээхээр төлөвлөжээ. “Coca Cola” ийнхүү үйлдвэрээ нээж байгаа нь Мьянмарын зах зээлийг эзлэхийн төлөө өрнөх “Pepsi” болон “Coca Cola” компаниудын өрсөлдөөн эхэлж байгаагийн илрэл гэж ажиглагчид тайлбарлаж байна. “Pepsi” компанийн хувьд бүтээгдэхүүнээ 64 сая хэрэглэгчтэй Мьянмар улсад борлуулдаг бөгөөд цаашид мөн тус улсад үйлдвэрээ нээхээр төлөвлөжээ. Хагас зууны турш гадаад ертөнцөд хаалттай байсан Мьянмар улс өнгөрсөн жилээс эхлэн гадаадын хөрөнгө оруулагчдад үүд хаалгаа нээгээд байгаа юм. Өнөөдрөөс тус улсад Зүүн Азийн эдийн засгийн форум зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус арга хэмжээнд Зүүн Азийн улс орны тэргүүн нар болон бизнесийн төлөөлөгчид оролцох аж. Энэхүү арга хэмжээ нь гадаадын хөрөнгө оруулалтыг Мьянмарт татах сайхан боломж гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Ж. Нямгэрэл
Холбоо барих: nyamgerel.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com