“CNOOC”-ийн борлуулалт 7.7 хувиар нэмэгджээ
БНХАУ-ын “CNOOC” компанийн Канад дахь салбар “Nexen”-ийн газрын тос, байгалийн хийн гарц өссөнтэй уялдаад нэгдүгээр улирлын борлуулалт нь 7.7 хувиар нэмэгдсэн байна. Тус компанийн борлуулалт 60.5 тэрбум юань болсон нь өмнөх улиралд 56.2 тэрбум юань байсантай харьцуулахад өссөн дүн болсныг “CNOOC”-ээс мэдээлжээ. Харин газрын тосны бүтээгдэхүүний гарц нь 15 хувиар өссөн байна. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын зардал нь 19.3 тэрбум юань болсон бөгөөд энэ нь 2013 оны мөн үед 14.9 тэрбум юань байсантай харьцуулахад 23 хувиар өсчээ. Энэ оны хэмжээнд тус компани нийт 120 тэрбум юанийн хөрөнгө зарцуулахаар төлөвлөөд байгаа ба сүүлийн гурван улиралд “CNOOC”-ийн бүтээгдэхүүний гарц нэмэгдэх төлөвтэй байгааг шинжээчид онцолж байна. 2014 он гарснаас хойш тус компанийн Хонгконгийн Хөрөнгийн бирж дээрх хувьцааны ханш нь 10 хувиар буураад байгаа юм. Харин мягмар гарагийн арилжаа хаагдах үед нэгж хувьцааны ханш нь 0.5 хувиар өсч, 12.94 хонконг доллар болжээ. “CNOOC” компани 2011-2015 он хүртэл нэг жилийн бүтээгдэхүүний гарцаа 6-10 хувь болгон нэмэгдүүлэх зорилт тавиад байна. Үүнтэй холбогдуулан тус компанийн Гүйцэтгэх захирал Ли Фанрон “Манай компани 2015 онд бүтээгдэхүүний гарцаа нэмэгдүүлэх зорилт тавьсан хэвээр байгаа” гэж мэдэгджээ.
Т.Элиса
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com