BI: Нарны эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 2018 онд 95 ГВт-д хүрч буурна
Дэлхийн нарны эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 2018 онд гурван хувиар буурч, 95 ГВт-д хүрэх төлөвтэй байгааг “Вloomberg New Energy Finance”-ийн шинжээчид тайландаа дурдсан байна. Тогтмол өсөлттэй байсан нарны эрчим хүчний зах зээл ийнхүү анх удаа буурч байгаа юм. БНХАУ зургадугаар сард нарны эрчим хүчний шинэ суурилуулалтыг хязгаарлах шийдвэр гаргаж, эрэлт буурсан нь дээрх үзүүлэлтэд голлон нөлөөлснийг шинжээчид онцолжээ. БНХАУ-ын олон улсын зах зээлд үзүүлэх нөлөөлөл 2017 онд 50 хувиар хэмжигдэж байсан бөгөөд 2020 он гэхэд буурч, дэлхийн нарны эрчим хүчний зах зээлийн 25 хувийг бүрдүүлнэ гэж шинжээчид тооцоолжээ.
Харин Япон улсын Засгийн газар хоёр МВт-аас бага хүчин чадал бүхий нарны эрчим хүчний төслийг татвараас чөлөөлж байгаа аж. Хэдий тийм боловч төсөл хэрэгжүүлэгчид эрчим хүчний сүлжээнд холбогдох зөвшөөрөл авч, аюулгүй байдлыг хангах зэрэг шаардлагыг хангах ёстой тул энэ ажлын үр дүн 2020 он хүртэл гарахгүй гэж шинжээчид тооцоолж байна.
С.Өлзийбуян
Холбоо барих: ulziibuyan.s@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com