“BHP Group”-ийн хагас жилийн ашиг 16 хувиар өсжээ
Төмрийн хүдэр, зэс олборлолтоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг “BHP Group”-ийн хагас жилийн ашиг 16 хувиар өссөн байна.
Төмрийн хүдрийн үнэ өсөж, Австралийн баруун хэсэгт орших төмрийн хүдрийн уурхайнуудын гарц дээд түвшинд хүрсэн нь үүнд голлон нөлөөлжээ. 12 дугаар сараар эцэслэсэн хагас жилд тус компани 6.04 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна. Түүнчлэн нэгж хувьцаа тутамд 1.01 ам.долларын ногдол ашиг тараахаар болжээ.
Төмрийн хүдэр “BHP Group”-ийн орлогын ихэнх хувийг бүрдүүлдэг. Өнгөрсөн оны хоёрдугаар хагаст БНХАУ гангийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлснээр төмрийн хүдрийн эрэлт огцом өссөн аж. Үүнтэй холбоотойгоор төмрийн хүдрийн фьючерс үнэ Сингапурын биржид 70 орчим хувиар өссөн байна.
Энэхүү мэдээллийн дараа Австралийн Хөрөнгийн биржид “BHP Group”-ийн хувьцааны ханш 2.6 хувиар өсжээ.
"Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах чиглэлд томоохон улс орнуудын бодлого тодорхойлогчид тууштай ажиллана гэдгээ илэрхийлж байгаа. Мөн дэлхийн эдийн засгийн өсөлт болон түүхий эдийн эрэлтийн төлөвийг бид эергээр харж байна" гэж “BHP Group”-ийн Гүйцэтгэх захирал Майк Хенри онцоллоо.
Б.Батцэцэг
Холбоо барих: battsetseg.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com