“Barrick Gold”, “Newmont Mining” компаниудыг нэгтгэх хэлэлцээр дүнд хүрсэнгүй
Алт олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг “Barrick Gold” болон “Newmont Mining” компаниудыг нэгтгэх хэлэлцээр бүтэлгүйтлээ. Талуудын хувьд зарим асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй боловч хэлэлцээрийг сэргээх боломж байгаа гэж ойрын эх сурвалж мэдээлсэн байна. “Barrick Gold” компанийн зүгээс “Newmont Mining”-ийн хувьцааг сүүлийн 20 өдрийн арилжааны дунджаас 13 хувиар дээгүүр үнэлж үнийн санал тавьжээ. Дэлхийн хэд хэдэн оронд үйл ажиллагаагаа явуулж байгаа дээрх хоёр компанийн зах зээлийн үнэлгээ 33 тэрбум ам.доллар юм байна. Өнгөрсөн онд алтны ханш 28 хувиар унаснаас үүдэж алт үйлдвэрлэгчид уурхайнуудынхаа үнэлгээг 30 тэрбум ам.доллараар бууруулахад хүрчээ. Харин энэ удаагийн нэгдэн нийлэх хэлэлцээр нь алтны зах зээл дээр үүссэн хүндхэн нөхцөл байдлын дараа болж байгаагаараа онцлог юм. Ойрын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар “Barrick Gold” болон “Newmont Mining” компаниуд энэ сарын 23, 30-нд болох ТУЗ-ийн хурлаасаа өмнө хэлэлцээрийг баталгаажуулах сонирхолтой байгаа аж. Дээрх хоёр компанийн хувьд өмнө нь 1991, 2000, 2009 онуудад нэгдэн нийлэх хэлэлцээр хийж байсан боловч үр дүнд хүрээгүй байжээ.
Т.Элиса
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com